четверг, 3 января 2019 г.

Дидактикийн судлах зүйл, үндсэн ухагдахуун


Дидактикийн судлах зүйл, үндсэн ухагдахуун
/Б. Бор, Б. Нямаа нарын “Сурган хүмүүжүүлэх зүйн зарим асуудал” номноос уншиж судлах материал/
            Сургалт, боловсролын асуудлыг судалдаг ухааныг дидактик гэнэ. Энэ нь латин хэлний “сургагч” гэсэн үг бөгөөд үүнийг сурган хүмүүжүүлэх ухаанд анх оруулж хэрэглэсэн хүн бол Чехийн их эрдэмтэн Ян Амос Коменский /1592-1670/ юм.
            Дидактик нь сурган хүмүүжүүлэх ухааны нэг том салбар болж сургалт, боловсролын агуулга, зорилго, зарчим буюу дэг, дүрмийг судлан боловсруулна. Иймээс ч сургалтын төлөвлөгөө буюу сурагчдад заан сургах эрдэм, хичээлийн хөтөлбөр, сурах бичиг, гарын авлагыг боловсруулахад дидактикийн мэргэжилтнүүд оролцоно. Програм гэдэг нь грек хэлний “зарлал” гэсэн үг юм.
            Сургалтын зохион байгуулалт, хичээлийн хэв шинж ба төрөл анги, сургалт явуулах арга ба аргачлал, мэдлэг, чадвар, дадлын түвшинг шалгах ба үнэлэн дүгнэх, сургалтыг оновчтой, эрчимтэй, үр дүнтэй болгох арга замыг дидактик л судална.
Дидактик буюу сургах зүй, боловсрол судлалыг цаашид өргөжүүлэн хөгжүүлбэл зах зээлийн харилцааны орчин үед хүүхэд залуус, нийт иргэдийг амьдрах ухаанд сургах, төгөлдөр мэргэжил эзэмшүүлэх, системт ажил эрс сайжрах болно.
Дидактикийн бас нэг бүрэлдэхүүн хэсэг бол хичээл тус бүрийн заах арга болно.
Сайн сурахад тэр хүүхдийн өөрийн нь идэвх, ухамсартай хандлага туйлын чухал. 1633-1638 онд бичсэн “Их дидактик” гэдэг зохиолдоо “Бүхий л боломжит аргыг ашиглан хүүхдийш мэдлэгт ба хичээл сурлагад халуун эрмэлзэлтэй болгох хэрэгтэй байна” гэжээ.
Сургалтын зохион байгуулалтын хэлбэр
Сурах, сургахад чиглэсэн багш суралцагчдын хамтын үйл ажиллагааны төрөл. ЕБС-ийн сургалтын үндсэн зохион байгуулалтын хэлбэр нь хичээл юм. Хичээлийг хэвшинжин хувьд 6 үндсэн төрөлд хуваадаг. Үүнд:
1.      Шинэ мэдлэг олгох хичээл
2.      Чадвар дадал эзэмшүүлэх
3.      Дүгнэн цэгцлэх
4.      Бататгах
5.      Хянаж шалгах
6.      Холимог хэв шинжийн хичээл зэрэг болно.
Хэв шинжийг хичээлийн үндсэн зорилго, агуулгаар нь ангилна. Харин хэлбэрийг бол уул хичээлийг явуулж байгаа арга, бас багш сурагчдын үйл ажиллагаа, оролцооны байдлаар ангилан тогтоох нь зүйтэй болно.
Хичээлийн хэлбэр бас олон янз байна. Үүнд: харилцан ярилцах хичээл, лекцийн хичээл, кино-хичээл, экскурс хичээл, дүрс бичлэгийн, лабораторийн, практикийн, анализын хичээл, хичээлийн бага хурал, семинарын /хэлэлцүүлгийн/ хичээл, маргаан-мэтгэлцээн, сэдвийн шалгалт, коллоквиум, хяналтын ажил, үйлдвэрлэлийн дадлага гэх мэт байна. ЕБС, коллеж, их дээд сургуулийн сургалтын зохион байгуулалтын хэлбэр олон янз байгааг ангилж бас болно. Үүнд:
1.      Онолын мэдлэг олгох сургалтын хэлбэр
-          ЕБС-ийн хичээлээр олгож болно.
-          Лекц унших
-          Эрдэм шинжилгээний ажилд оролцох
-          Курсийн /ангийн/ дипломын ажил /төсөл/
-          Эрдэм шинжилгээний ажлын зөвлөгөө
-          Улсын шалгалт
2.      Дадлагын хичээл
-          Хэлэлцүүлэг, семинарын хичээл
-          Маргаан, мэтгэлцээн
-          Практикийн хичээл, практикум
-          Лабораторийн хичээл
-          Үйлдвэрлэлийн дадлага
-          Багшлах ажлын дадлага
-          Реферат бичих
-          Сургалтын тоглоом /ЕБС/
-          Дүрд тоглох хичээл /деловые игры/
-          Урлагийн тоглолтын сургуулилт, студид ажиллах, зохион бүтээх товчоонд ажиллах
-          Биеийн тамирын дасгал, сургуулилт
3.      Бусад хэлбэр
-          Дугуйлан, секц, сонгон суралцах
-          Гүнзгийрүүлсэн ба төрөлжүүлсэн сургалт
-          Экскурс, аялал
-          Сургалтын бага хурал, симпозиум, уншигчдын бага хурал
-          Асуулт, хариултын үдэшлэг
-          Хичээлийн олимпиад, тэмцээн
-          Хичээлийн бүтээлийн үзэсгэлэн
-          Хичээлийн АСТ
-          Бие даан хичээллэх
-          Зөвлөгөө авах
4.      Сургалтын хяналт, шалгалтын хэлбэр
-          Сэдэвчилсэн шалгалт
-          Коллоквиум
-          Шүүлэг
-          Улирлын ба жилийн эцсийн шалгалт /урьдчилан, эхлэн, нөхөн, дахин, комисст өгөх гэх мэт байна./
-          Улсын шалгалт
-          Дипломын ажил /төсөл/ хамгаалах
-          Мэргэжлийн зэрэг хамгаалах зэрэг байна.
Дидактикийн зарчим
Хичээл сургалтад баримталж буй гол хууль, дүрэм, үндсэн шаардлагыг дидактикийн буюу сургалтын зарчим гэнэ. Я.А.Коменский дээр дурдагдсан номондоо анх томъёолон гаргажээ. Мөн оросын их сурган хүмүүжүүлэгч К.Д.Ушинский, ОХУ-ын нэрт сурган хүмүүжүүлэгч Л. В. Занков, М. Н. Скаткин, Ю. К. Бабанский, АНУ-ын эрдэмтэн Дж. Брунер, Польшийн В. Оконь, Германы Н. Нойнер зэрэг эрдэмтэд ч цааш боловсруулан сургалтын зарчмыг улам баяжуулсаар ирэв.
1.      Сургалт шинжлэх ухааны өндөр түвшинд явагдах зарчим
2.      Сургалт нь үйл ажиллагаанд тулгуурлах зарчим
3.      Хүүхэд, залуу хүн бүрийг хүмүүжүүлэх, хөгжүүлэх зарчим
4.      Эрэмбэ дараатай сургах зарчим
5.      Мэдлэг, чадвар, дадал гүн бат эзэмшүүлэх зарчим
6.      Эрчимтэй сургах
7.      Сургалтад техник хэрэгсэл, үзүүлэн таниулах зүйл өргөн ашиглаж нэвтрүүлэх зарчим зэрэг дидактик зарчмууд байна.

Ном зүй
1.      Б. Бор, Б. Нямаа. Сурган хүмүүжүүлэх зүйн зарим асуудал. Улаанбаатар. 1996



     

Сургалтын технологи

Сургалтын агуулга, стандарт

Сургалтын зорилго, зорилт, зарчим

Суралцагчдын мэдлэг чадварыг үнэлж дүгнэх арга зүй

среда, 2 января 2019 г.

Боловсролын үнэлгээ


Боловсролын үнэлгээ
      Аливаа зүйлийн үнэ цэнэ, ач холбогдлыг тодорхойлдог.
      Үнэлгээний үр дүнг аливаа зүйлийг улам сайжруулахтай холбоотой шийдвэр гаргахад хэрэглэдэг.
      Үнэлгээ аливаа зүйлийг сонирхогч талуудын хандлагыг илрүүлдэг.
Үнэлгээний үүрэг
      Үнэлүүлж байгаа ямарваа зүйлийн үнэ цэнэ, үнэлэмжийг тодорхойлоход оршино.
      Үнэлгээ хийсний үр дүнд тодорхой ач холбогдол бүхий асуултад хариулт авна. /Скривен. 1991/
      Шинжилгээ үнэлгээ нь асуудлыг шийдвэрлэхэд туслах, шийдвэр гаргагч нарт бодлогын асуудлыг шийдвэрлэхэд туслах зорилготой. /Талма. 1982/
Үнэлгээний шинж чанарууд
      Үнэлгээ нь ямар нэгэн зорилгыг хэрэгжүүлэхэд гүйцэтгэх ямар нэгэн зүйлийн үнэ цэнийг тогтоохыг оролдох үйл явц юм. /Алдерсон. 1986/
      Үнэлгээ боловсролын хөтөлбөрийн үндсэн зорилго ба шинж чанарын өргөн хүрээтэй өөрчлөлтөд анхаардаг. /Монро. 1997/
      Үнэлгээг богино хугацааны зөвлөгөө өгөх гэрээ гэхээсээ илүү удирдлагын үйл явцын үргэлжилж байгаа хэсэг гэж ойлгож болно. /Ross, Cronbach. 1976/ 
Хэлний сургалтын үнэлгээ
      Шийдвэр гаргах зорилгоор хэлний сургалтын эрчимт чанар, үр дүнтэй чанар, хүртээмжтэй байдал болон үр нөлөөний талаар мэдээлэл цуглуулах, үйл явцыг үнэлгээ гэнэ. /Wrightstone. 1964/
Хөтөлбөрийн үнэлгээ
      Хөтөлбөрийг сайжруулахад шаардлагатай холбогдох бүх мэдээллийг системтэйгээр цуглуулж шинжилгээ хийн түүний бүтээмж, үр ашиг болон тодорхой сургалтын байгууллагын хүрээн дэх оролцогчдын хандлагыг үнэлэх үйл явцыг хэлний хөтөлбөрийн үнэлгээ гэнэ. /Браун. 1989/
Сургалтын  хэрэглэгдэхүүний үнэлгээ
      Сургалтын хэрэглэгдэхүүний зорилго ба түүнийг хэрэглэж байгаа суралцагчдын зорилготой холбоотойгоор сургалтын хэрэглэгдэхүүний үнэ цэнийг системтэйгээр шүүх үйл явцыг сургалтын хэрэглэгдэхүүний шинжилгээ үнэлгээ гэнэ. /Brian Tomlinson. 1998/
Сурах бичгийн үнэлгээний зорилго
      Сурах бичгийн үнэлгээний зорилго бол сурах бичгийн бүтээмжит чанар, үр ашиг ба сурах бичигтэй холбоотой янз бүрийн сонирхогч талуудын хандлагыг тодорхойлох явдал. /J.D.Brown, Theodore Rodgers/
Сурах бичгийн үнэлгээний бүрэлдүүлбэр
      Сурах бичгийн үнэлгээний зорилго бол сурах бичгийн бүтээмжит чанар, үр ашиг ба сурах бичигтэй холбоотой янз бүрийн сонирхогч талуудын хандлагыг тодорхойлох явдал. /J.D.Brown, Theodore Rodgers/
Үнэлгээний хүрээнд шийдвэрлэх асуудал
      Шинжилгээ үнэлгээний хүрээнд шийдвэрлэх үндсэн асуудлаа тодорхойлно.
      Шинжилгээ үнэлгээний загвараа гаргана.
      Сурах бичигт хийх шинжилгээний шалгуурыг боловсруулна.
      Сурах бичигт шинжилгээ үнэлгээ хийнэ.
      Үр дүнг хэрэглэгчдийн сургалтын үр дүн, хэрэгцээтэй харьцуулан шинжилгээ үнэлгээ хийнэ.
      Тайлан бичнэ
      Шинжилгээ үнэлгээний дүгнэлтийн дагуу цаашид авах арга хэмжээг тодорхойлно.
Номзүй

1. Н. Амаржаргал. 2013. Англи хэлний сурах бичигт шинжилгээ үнэлгээ хийх арга зүйн хувилбар. Улаанбаатар.

1.    2, Alderson. & Bereta, J.A. 1992. Evaluating second language education. 
2.    3, Andrew Littlejohn. 1996. Analysis of LTM-s: Inside the Trojan horse. 
3.   4,  Breen. &  Candlin.1987. Which materials: a consumer's and designers guide.
.

Бие хүний хөгжил төлөвшил

Боловсролын удирдлага


Боловсролын удирдлага
Судлаачид боловсролыг олон талт үйл явц болохынх нь хувьд аливаа хүн амьдрал, ажил үйлээ зөв төлөвлөж гүйцэтгэх, хянаж шалгах, тодруулж зохицуулахад хэрэгтэй мэдлэг, чадвар, туршлагын цогц нэгдэл болох боловсролын менежменттэй холбон авч үздэг. Боловсролын байгууллага өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд нөөц бололцоогоо дайчлан багш сурган хүмүүжүүлэгчид, суралцагчид, эцэг эхийн сурч хөгжих, амьдрах үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, манлайлах, хянах үйл явцуудын нэгдэл болох менежментийн үйл ажиллагаа явуулна. /Ж. Даваа, Л. Жамц, Ц. Содов, Г. Сүхбат. 2009/  
Боловсролын удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалтын үйл ажиллагааны зорилго, агуулгыг үр дүнтэй хэрэгжүүлэх арга хэлбэрийг судлах ухааныг боловсролын менежмент гэнэ.
Ж. Батдэлгэр, С. Батхуяг нар боловсролын удирдлагыг төр олон нийтийн удирдлага байна гэж үзсэн байна. Удирдлага нь макро, микро гэсэн 2 түвшинтэй, тодорхой шатлалтай байх ба хөнжлийн хандлага нь төвлөрлийг задлах хандлагатай бөгөөд удирдлагын үйл ажиллагаа нь эрх зүйн, арга зүйн гэсэн 2 чиглэлтэй байдаг гэжээ. / Ж. Батдэлгэр, С. Батхуяг. 1999/
Боловсролын менежментийн төрлүүд
Олон улсын судлаачид боловсролын менежментийн 4 үндсэн төрөл байдаг гэж үздэг.  Үүнд:
1.      Төвлөрсөн ба төвлөрсөн бус удирдлагын тогтолцоо.
2.      Гадаад ба дотоод удирдлагын тогтолцоо
3.      Захиргаадагч ба ардчилсан удирдлагын тогтолцоо
4.      Бүтээлч удирдлагын тоогтолцоо зэрэг төрлүүд орно. /Дикша Кашъяп./
Төвлөрсөн удирдлагын тогтолцоотой боловсролын байгууллагад бүх эрх мэдэл, үүрэг хариуцлага нэг хүний гарт төвлөрдөг бол төвлөрсөн бус удирдлагын тогтолцоонд хамт олны өөрийн удирдлага чухал үүрэгтэй байдаг.
Харин боловсролын хөтөлбөрийн гадаад удирдлагад удирдах үйл ажиллагаанд шууд бусаар оролцдог хувь хүн юм уу байгууллага тооцогдоно. Тэд эцэг эх, мэргэжилтэн, шинжээч, удирдагч, нийгэм хамт олны гишүүн болон холбогдох байгууллага байна. Тэд ёс зүйн үндсэн дээр тухайн боловсролын байгууллагыг удирдах үйл ажиллагаанд шууд оролцохгүйгээр хөндлөнгөөс ажиглаж, зөвлөн тусалж, санал зөвлөгөө өгдөг байна. Тухайн байгууллагын дарга, захиргаа, удирдлагын зөвлөл дотоод удирдлагын тогтолцоог бүрдүүлэх бөгөөд байгууллагын төлөвлөлт, зохион байгуулалт, зохицуулалт, удирдлага, хяналт, үнэлгээ зэргийг хариуцна.
Эрх мэдэл, үүрэг хариуцлага тодорхой нэг хүн юм уу нэг бүлэгт төвлөрвөл захиргаадагч удирдлагын тогтолцоо хэрэгжинэ. 1 хүн шийдвэрийг гаргаж багш сурагчид шийдвэрийг үг дуугүй дагаж хэрэгжүүлэх нөхцөл бүрддэг байна. Ардчилсан удирдлагын тогтолцоо сүүлийн үед хамгийн үр дүнтэйд тооцогдож байна. Хамтарсан төлөвлөлт, бүлгийн хэлэлцүүлэг, байгууллагын удирдлага дахь бүх гишүүдийн оролцоо зэрэг нь ардчилсан удирдлагын тогтолцоонд ажиглагддаг байна. Багш нар өөрийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг төлөвлөх, удирдах, зохион байгуулах, чиглүүлэх, зохицуулах, хянах, үнэлэх үйл ажиллагаанд дээр өгүүлсэнчлэн хамт олны зөвлөл, багш нарын зөвлөл зэрэг өөрийн удирдлагын байгууллагаар дамжуулан оролцдог. Судлаачид ардчилсан удирдлагын тогтолцооны дараахь хэд хэдэн зарчмыг баримтлахыг зөвлөдөг. Үүнд:
-          Хамтын хариуцлага хүлээх зарчим
-          Эрх тэгш байх зарчим
-          Эрх чөлөөтэй байх зарчим
-          Хамтран ажиллах зарчим зэрэг болно. /Дикша Кашъяп./
Бүтээлч удирдлагын тогтолцоо бүхий байгууллагад бүх шатанд бүтээлч авъяас чадварыг хөхүүлэн дэмждэг.
Ж. Батдэлгэр, С. Батхуяг нар удирдлагын мөн чанар нь тухайн системд гаднаас үйлчлэх нөлөөлөлд /мэдээлэл/-д, системийн төлвийн тухай мэдээллийг авсны үндсэн дээр урьдчилан боловсруулсан хэмжээгээр зохицуулалт хийхэд оршино гэж үзсэн байдаг. Тэд мөн ямарваа тогтолцоо бүтэц болоод үйл ажиллагааны нэгдэл /тэнцвэрт байдал/ хангагдаж байж хэвийн ажилладаг гээд зохион байгуулалт, үйлдвэрлэлийн технологийн тохироо бүрдсэн байх ёстой гэжээ. /Ж. Батдэлгэр, С. Батхуяг. 1999/
Боловсролын удирдлагын түвшин
Боловсролын удирдлагыг салбарын буюу макро, нэгжийн буюу микро гэж ангилна. Салбарын удирдлага нь үндсэндээ төрийн удирдлага байх бөгөөд олон нийтийн хяналтад байна. Нэгжийн удирдлага нь төрийн захиргааны болон өөрийн удирдлагаас тогтоно.
Дээрх эрдэмтэд боловсролын удирдлагын шатлалыг дараахь байдлаар тодорхойлжээ.
1.      Төрийн хууль тогтоох байгууллагын удирдлага
2.      Төрийн эрх барих дээд байгууллагын удирдлага
3.      Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын удирдлага
4.      Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага
5.      Үндсэн нэгж байгууллагын удирдлага /Ж. Батдэлгэр, С. Батхуяг. 1999/
 Шат тус бүрийн субъект үндсэн үүрэг, гаргах шийдвэрийн хэлбэр, тэдгээрийн хэрэгжих хүрээ зэргээрээ ялгаатай. Субъектүүд удирдлагын нэгж юм уу байгууллага, албан тушаалтан юм уу сонгуультан гэсэн 2 төрөл байна.  
Номзүй
1.      Ж. Батдэлгэр, С. Батхуяг. Боловсрол судлалын ерөнхий үндэс. Улаанбаатар. 1999
2.      Ж. Даваа, Л. Жамц, Ц. Содов, Г. Сүхбат. Боловсрол судлалын үндэс. Улаанбаатар. 2009
3.      www.your.article.library.com. Дикша Кашъяп. Боловсролын удирдлагын 4 үндсэн төрөл.

 





/


БОЛОВСРОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЗАРИМ АСУУДЛУУД


Боловсролын эдийн засаг
Боловсрол нь хөдөлмөр, материал, нөөц бүхий санхүүгийн мэдлэг, чадвар эзэмших үйл явц, үр дүн буюу боловсролын эдийн засагтай холбоотой. Боловсролын эдийн засаг нь боловсролын эрэл хэрэгцээ, санхүүжилт, янз бүрийн боловсролын хөтөлбөр, бодлогын харьцуулсан үр ашгийг судалдаг. Хувь хүний боловсрол олж авах үйл явц ба хөдөлмөрийн зах зээлийн үр ашгийн хоорондын холбооны талаарх түрүү үеийн бүтээлүүдээс эхлэн боловсролын эзийн засаг нь боловсролтой холбоотой бүх салбарыг хамран хурдацтай хөгжиж байна.
Энэ сэдвийн хүрээнд бид Ж. Даваа, Л. Жамц, Г. Сүхбат, Ц. Содов нарын Боловсрол судлалын үндэс номонд боловсрол судлалын эдийн засгийн асуудлын талаар өгүүлсэн хэсгээс алив нэгэн өөрчлөлтгүйгээр оруулж магистрант оюутнууддаа толилуулж байна.
Боловсрол нь ажиллах хүч, хөдөлмөр, шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэл, үйлчилгээ, соёл, боловсролын зах зээлд үйлчилдэг. Хаана л боловсрол, мэргэжилтэй хүний хэрэгцээ байна, тэнд боловсролын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн хэрэгцээтэй болж зах зээлийн харилцаа үйлчилж байдаг байна.  Боловсролын ийм хэрэгцээ сонирхлыг судалж хангахын хэр хэмжээгээр хүн амын боловсролын түвшин дээшилж улс орон хөгждөг.
Хүн боловсрол эзэмшсэнээр өөрийгөө хөгжүүлж, эд материалтай зөв харьцан хөдөлмөрлөж, баялгийг бий болгон арвижуулж чадна.
Мэдлэг, мэргэжил, оюун ухаан ихэд шингэсэн нэн хэмнэлттэй буюу хаягдалгүй технологийг бүтээж, хөгжил дэвшлийг хангахад аль ч улс оронд энэ талын өндөр боловсролтой боловсон хүчин хэрэгтэй. Аливаа улс орон хөгжихөд хөдөлмөр, материал, санхүү гэсэн гурван том нөхцөл байх учиртай бөгөөд хөдөлмөрт ажиллах хүчин, хөдөлмөрийн нөөц, хэрэгсэл, зүйл байна.  Оюуны чадавхтай ажиллах хүчинг хөгжүүлэх нь боловсролтой холбоотой. Үйлдвэрлэлийн хэрэгслийг мөн л ажиллах хүчин бий болгодог. Ажиллах хүчин нь мэдлэг чадвар дадлын тогтолцооноос хамаарна.
Боловсрол эзэмших арга зам нь эрэлт хэрэгцээтэй уялдаатай, уян хатан байх шаардлагатай. Боловсролд эрэл хэрэгцээ байна. Тухайлбал, ерөнхий боловсрол эзэмших, мэргэжлийн боловсрол эзэмших, мэргэжлээ дээшлүүлэх, давтан бэлтгэх, хос мэргэжил эзэмших, мэрэгжил солих, соёл, гоо зүйн, эрүүл мэндийн, бие бялдрын, улс төрийн, эдийн засгийн, гадаад хэл, ахуйн, мэдээллийн зэрэг олон хэрэгцээ байдаг байна.
Номзүй
1.      Ж. Даваа, Л. Жамц, Ц. Содов, Г. Сүхбат. Боловсрол судлалын үндэс. Улаанбаатар. 2009

  






Дидактикийн судлах зүйл, үндсэн ухагдахуун

Дидактикийн судлах зүйл, үндсэн ухагдахуун /Б. Бор, Б. Нямаа нарын “Сурган хүмүүжүүлэх зүйн зарим асуудал” номноос уншиж судлах материа...