воскресенье, 25 ноября 2018 г.

Боловсролын түүх: Монголын боловсролын түүхийн тойм


1.3. Боловсролын түүх
Бие хүний боловсролын үүсэл, хөгжил, сэтгэлгээний хөгжлийн үе шатыг боловсролын түүх судалдаг. Боловсролын түүхийн асуудлыг хүний үүсэл хөгжил, хүн төрөлхтний сэтгэлгээний түүх, бичиг үсэг, ном хэвлэл бий болсон үе, эх хэл, соёлын асуудал, сургууль, боловсролын байгууллагын үүсэл хөгжил зэрэг олон хүчин зүйлийн холбоо харилцаанд авч үзнэ. 
Боловсролын хөгжлийн түүх нь хүн үүсч бий болсноос өнөө үе хүртэлх хугацааны хүний сэтгэлгээний хөгжлийн үе шаттай холбоотой.
Эртний хүмүүсийн сэтгэлгээ
Эрдэмтэн Ж. Даваа, Л. Жамц, Г. Сүхбат, Ц. Содов нар эртний хүн юмсыг дүр, үйлээр сэтгэж, хожим нь мэдрэхүй, хийсвэр сэтгэлгээ, юмны өнгө, хэлбэр, дүрээр сэтгэж байсан хэмээн дүгнэжээ. Улмаар тэд хүн төрөлхтний эртний үеийн анхдагч оюун сэтгэлгээний хөгжлийн хэлбэр нь сав шим ертөнц, нийгмийн тухай эртний хүмүүсийн анхны төсөөлөл, учир утга, уран сэтгэмж болох домог зүйн ухаанд шингэсэн байдаг гэж дүгнэн эртний хүмүүс өөрийн үүсэл гарлыг тодорхой дүрсийн амьтан ургамалтай, холбон үзэж түүндээ итгэдэг байсан гэж үзсэн байна.
Эртний хүмүүсийн сэтгэлгээ бол өөрсдийгөө байгаль ертөнцтэй холбон үздэг, нэг ёсны байгаль, ертөнц, удам судраа манан хайрлаж, үе дамжуулан хөгжүүлж байсныгаа дүр сүлдээр төлөөлүүлэн шүтэн биширч ирсэнтэй холбоотой. (Ж. Даваа, Л. Жамц, Г. Сүхбат, Ц. Содов, 1999)
Монголчууд үр хүүхдээ багаас нь байгаль, 5 хошуу малтай ойр өсгөж мал амьтан, байгальд ээлтэй, эв эеийг хичээдэг, ёс заншлаа дээдэлдэг, нутаг орноо хайрладаг болгон сурган хүмүүжүүлж ирсэн түүхтэй.
Бичиг үсгийн үүсэл хөгжил
Эртний соёл иргэншилт улсуудад МЭӨ 3500 оны үеэс янз бүрийн бичиг үсгийн тогтолцоо үүсч эхэлсэн байдаг. Тухайлбал бүр МЭӨ3400 он гэхэд эртний Египетэд зурган бичиг хэрэглэгдэж байсан мэдээ бий. Энэ нь 750 дүрс үсэгтэй байсан нь уран барилгын хана, чулуун хөшөөн дээр үлджээ. Харин таталган бичгийн дурсгал папирус хэмээх цаастай төстэй материал дээр хадгалагдан үлдсэн байдаг. Улмаар хамгийн эртний гэж түүхэнд тэмдэглэгдсэн цагаан толгой МЭӨ 2000 оны орчим Төв Египетэд үүссэн гэж үздэг. Газар дундын тэнгисийн зүүн эрэгт байрладаг байсан Финики улсад 22 үсэгтэй анхны цагаан толгой зохиосон түүхэн баримт бий.   Эртний хоёр мөрний улсууд шавар самбар дээр, Арабууд ямааны арьсан дээр анх бичиг бичдэг байжээ.
Эртний Энэтхэгчүүд Финикийн цагаан толгой дээр үндэслэн 51 үсэг бүхий цагаан толгой зохион хэрэглэж байсан төдийгүй хэл зүйн дүрэмтэй байсан байна.
Хятадын бичиг үсэг МЭӨ 2000 жилийн орчим үүссэн. МЭӨ 1400-1200 оны үеийн буюу Шан Династын үед хамаарах дүрс үсэг бүхий хэдэн мянган далны яс олдсон байдаг. Хятадууд эхлээд яс, хулсан самбар, хавтгай чулуу, хүрэл сав дээр бичдэг байснаа хожмоо чухал бичиг баримтаа торгон дээр бичих болжээ. МЭӨ 1-р зууны үед Хятадууд цаас үйлдвэрлэх болсон нь хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжилд их ач холбогдолтой нээлт болжээ.
Монголчуудын бичиг үсгийн соёл
Төв Азийн нүүдэлчдийн дотроос Монголчуудын өвөг Хүннү нар 2 мянга гаруй жилийн тэртээ бичиг үсэг хэрэглэж байсан мэдээ Хятадын эртний түүх сударт байна. Хамгийн эртнийх нь мод, чулуун дээр хэрчих, сийлэх бичиг байсан нь “Орхоны руни бичиг” хэмээн тэмдэглэгдсэн бичгийн эх үүсвэр гэж түүхчид үзэж байна.
Хүннү нар өөрийн бичгээс гадна Энэтхэгийн брахими бичгийг зээлдэн авч хэрэглэсэн байж магадгүй гэж түүхэн эх сурвалжид тулгуурлан судлаачид тэмдэглэсэн байдаг.
МЭ 5-р зуунаас эхлэн өөрийн зохиосон бичгээ хэрэглэж эхэлсэн бөгөөд уг бичгийн дурсгал олдсон газрын нэрээр Орхон Енисейн бичиг гэж нэрлэжээ.
Хүннү гүрэн болон МЭ 1-4-р зуунд оршин тогтнож байсан Сяньби улсын бичгийн үлдэц, чулуун хөшөө зэрэг нь эртний Монголчууд бичиг үсгийн боловсролтой байсныг гэрчилнэ. Сүй улсын сударт Тобагийн 12 номын нэр тэмдэглэгдэн үлдсэний 4 нь сурах бичиг байсан бөгөөд тодруулбал сяньби хэлний ном байсан байна. 
 4-6-р зуунд Нирун улсад дээс зангидаж санаагаа илэрхийлэх уламжлал байсан ба “тамга”, “согда” бичигтэй. 7-8-р зуунд Түрэг улс дуудлага үсэг зохион хэрэглэж байсан байна. 9-10-р зуунд Уйгар улс уйгар бичигтэй, 10-11-р зуунд Кидан улс их ба бага 2 бичигтэй байсан бөгөөд 920 онд тэд Их бичгээ хятад ханзад тулгуурлан зохиосон бол Амбагяны хүү Елюй Тэла Бага бичиг зохиожээ.
 13-14-р зуунд уйгар, дөрвөлжин үсэгтэй байсан байна. Өөрөөр хэлбэл Хубилай хааны үед зохиогдсон дөрвөлжин үсэг Эзэнт гүрний дараа үед ч байсаар  байсан.
1587 онд Харчины Аюуш гүүш монгол бичгийн галигийн тогтолцоог зохион балавсруулсныг Али гали үсэг гэнэ. 14-16-р зуунд соёмбо, тод үсэгтэй байсан. 1648 онд Ойрадын Зая Бандида Намхайжамц тод үсгийг зохиосон байдаг. 1686 онд эртний түүх соёлт энэтхэг, ланз, нагар үсгээс санаа авч Өндөр гэгээн Занабазар соёмбо үсгийг зохиосон.
17-19-р зуунд галиг, шинэ дөрвөлжин үсэгтэй, 20-р зууны эхэнд уйгар, вагиндрын бичиг үсэгтэй байсан бөгөөд 1940 оноос хойш кирилл бичиг хэрэглэж ирсэн түүхтэй. Энэ бүхэн Монгол улс бичиг үсгийн боловсролын 2000 жилийн түүхтэйг гэрчилж байна. Мөн аль ч улс үндэстнээс ялгаатай нь монголчууд түүхэндээ харьцангуй олон бичиг үсэг зохион хэрэглэж ирсэн түүхтэй ажээ.
Боловсролын байгууллага
Монголчуудын үр хүүхэддээ боловсрол олгож байсан хэлбэр нь шавь сургалтын тогтолцоо байжээ. Хаад ноёд эрдэм номтой гэгддэг бичгийн хүнээр үр хүүхэддээ өөрийн гэртээ бичиг заалгах, мөн тэдний гэрт хүүхдээ шавилан суулгах, хот айлын хүүхдүүд нэг дор нэг айлд бичиг заалгах зэрэг гэрээр сургах олон янзын хэлбэр байсан байна.
Түүхэн эх сурвалжаас үзвэл 4-6-р зуунд түшмэд бэлтгэх сургууль байгуулагдсан байдаг. 399 онд 5 номонд мэргэшсэн их бичгийн хүн бэлтгэн гаргаж байв. 466 онд Гацааны сургууль байгуулж байсан талаар түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
 10-11-р зуунд хошуу болгонд “их”, “бага” бичгийн сургууль, эрдмийн хүрээлэн байгуулсан байна.
 13-р зууны үеэс гэрийн сургууль хөгжсөн гэж үздэг. 13-14-р зуунд бүх хошуунд дөрвөлжин бичгийн сургууль, 1264 онд “түүх, судар бичгийн хороо”, 1271 онд их сургууль тус тус байгуулагдсан түүхтэй. Хубилай хааны үед Түүхийн хүрээлэн, Тэжээхүйн ухааны хүрээлэн буюу Анагаах ухааны хүрээлэн, Одон орон судлах хүрээлэн зэрэг шинжлэх ухааны тусгай байгууллага байгуулагдан орон орны нэртэй эрдэмтэд ажиллаж байсан талаар түүхчид бүтээлдээ дурьджээ. Шарын шашны янз бүрийн дацан сургуулиудад буддын шашны 5 салбар буюу шалгадаг ухаан, орчин чанд ухаан, төв үзлийн ухаан, илт номын ухаан, номхтгохын ухааныг заадаг байжээ. Мөн их, бага 5 ухааны ном үздэг байсны их 5 ухаанд гүн ухаан, дотоод ухаан буюу бурхны номлол, тэжээхүйн ухаан буюу ангаах ухаан, логик ухаан, урлахуйн ухаан, бага 5 ухаанд зурхай, яруу найраг, өгүүлэхүйн ухаан, холбон найруулахуйн ухаан, жүжгийн ухаан ордог байжээ. 
14-16-р зууны үед гэрийн болон иргэний сургуулиуд байсан бол 17-р зуунд шарын шашин хүчтэй хөгжих болсон үеэс эхлэн Монголд шашны сургалттай олон зуун сүм хийд байгуулагдсан. 1765 оны үеэс бичиг үсэг, хууль эрх зүй, гадаад хэл үзэх болсон. 18-р зууны үеэс монгол бичиг, манж бичиг зааж аж төрөхүйн ухаан, ёс дэгийн номлол заах мэтээр монгол хүний сэтгэлгээг өргөжүүлж иржээ.
20-р зууны эхэн үед /1911-1921/ манай оронд 700-гаад сүм хийд байсан бөгөөд орчин цагийн анхны сургууль 1912 оны 3 сарын 24-нд Гадаад явдлын яамны дэргэд байгуулагдаж дөрвөн аймаг, шавь таван газраас ирсэн 47 сурагч суралцаж эхэлсэн байна.  Түүнд түүх шастир, монгол хэл бичиг, тоо бодлого, биеийн тамираас гадна хятад, манж, орос, англи хэлний аль нэгийг сонгон зааж байжээ. Мөн цэргийн сургууль, улирлын шинжтэй мэргэжлийн сургууль байжээ. 1921 оноос эхлэн орчин цагийн сургуулиуд байгуулагдаж түүнд сургуулийн насны бүх хүүхдийг  хамруулах болсон байна.  1942 онд МУИС байгуулагдсанаар Монгол улс шат шатны боловсролын байгууллага бүхий боловсролын тогтолцоотой болсон билээ.    
Ном зохиол
Монголчуудын зохион хэрэглэж байсан бичгийн дурсгалуудыг хадгалж үлдсэн олон гэрэлт хөшөө бий бөгөөд шинжлэх ухааны судалгааны арга нарийсан хөгжихийн хирээр тэдгээрийг нээж илрүүлэх, тайлж унших ажил хийгдсээр байна.
4-6-р  зууны үед олдсон Киданы үеийн зохиолчдын туурвисан ном зохиолд “Морилон саатсан тэмдэглэл”, “Гурван сайдын замын тэмдэглэл”, “Хаант төрийн тэмдэглэл” зүй ёсоор тооцогддог байна.
10-11-р зуунд хятад, солонгос хэлнээс ном орчуулж байсны нэг нь “Таван төр” гэдэг алдартай зохиол байжээ. 13-14-р зуунд “Монголын нууц товчоо”, “Зүрхэн тольт”, “Юань улсын судар” зэрэг олон тооны зохиол бүтээл хэвлэгдэж байв. Перс, Энэтхэг, Төвд, Хятад хэлнээс зохиол бүтээл орчуулж байсан нь монголчуудын сэтгэлгээний хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байжээ. 14-р зуунд ардын аман зохиол эрчимтэй хөгжиж байсан байна. Энэ үед Цогт хунтайж уянгын шүлэг бичиж иргэний яруу найргийг хөгжүүлж байсны дурсгал Цогт хун тайжийн Дуутын хадны бичээст үлджээ.
Лигдэн хаан Гунгаа-Одсэр, Бандида Гүүш Цорж, Ананда Гүүш тэргүүтэй алдартай 33 орчуулагч мэргэдийг цуглуулан 1620-1629 оны хооронд Ганжуур хэмээх их хөлгөн судрын 108 ботийг орчуулах ажил хийлгэжээ. 17-р зууны орчуулгын ном зохиолын ихэнх нь шашны ном зохиол байв. Энэ үеийн томоохон орчуулгын дурсгалд Данжуур хэмээх 225 боть зохиолын орчуулга зүй ёсоор орно.
18-19-р зууны үед Данзанравжаа, Инжинаш нарын яруу найргийн зохиол, Тогтохтөр вангийн аж төрөх сургаал бичигджээ.
20-р зууны эхэн үед Европын орнуудын зохиол бүтээл, тэр дундаа Орос Зөвлөлтийн зохиолчдын бүтээл түлхүү орчуулагдаж байсан нь Монгол улсад Европын соёл боловсрол нэвтрэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн үйл явц байсан юм. Үүний зэрэгцээ Дорно дахины ард түмнүүдийн зохиол бүтээл ч орчуулагдаж байв. 1990 оноос хойш барууны орнуудын зохиол бүтээлийг өргөн орчуулах боллоо. Орчуулгын бүтээлүүд нь нэг ард түмний оюун санааны ертөнцийг нөгөө ард түмэнд таниулж улмаар хөгжүүлэн баяжуулдаг болох тул дээр дурьдсан зохиол бүтээл, үйл явц Монгол улс өөрийн гэсэн үндэсний сэхээтэн, орчуулагч, зохиолчидтой болоход чухал үүрэг гүйцэтгэж иржээ.
Монголын боловсролын хөгжлийн үечлэл
            Эрдэмтэн С. Батхуяг, Ж. Батдэлгэр нар монголын боловсролын хөгжлийг дараахь байдлаар үечилсэн байна. Үүнд:
1.      Нэн эртнээс 12-р зуун хүртэлх үе. Монголын нэн эртний боловсрол
2.      13-14-р зуун. Феодалын нэгдсэн эзэнт гүрний боловсрол
3.      14-16-р зуун. Феодалын бутралын үеийн боловсрол
4.      17-19-р зуун. Манжийн ноёрхлын үеийн боловсрол
5.      20-р зууны эхэн үе. Богд хаант Монгол улсын боловсрол
6.      1921-1940 он. Үндэсний ардчилсан хувьсгалын дараахь үеийн боловсрол
7.      1940-1960 он. Үндэсний ардчилсан хувьсгал гүнзгийрэх үеийн боловсрол
8.      1960-1990 он. Социализмын материал техникийн бааз байгуулах үеийн боловсрол
9.      1990 оноос өнөөг хүртэл. Зах зээлиийн харилцаанд шилжих үеийн боловсрол зэрэг болно. (С. Батхуяг, Ж. Батдэлгэр, 1997)
Дүгнэлт
 Монголын боловсрол 2000 жилийн түүхтэй болох нь монголчуудын бичиг үсгийн соёл, сургууль боловсролын байгууллагууд, ном зохиол орчуулж, туурвиж байсан байдал, түүхэнд нэрээ үлдээсэн эрдэмтэн мэргэд гэсэн шалгуураар тогтоогддог. (С. Батхуяг, Ж. Батдэлгэр, 1997).
Ном зүй
1.      С. Батхуяг, Ж. Батдэлгэр. Боловсрол судлалын ерөнхий үндэс. Улаанбаатар.1997.
2.      Д. Баярсайхан, Ж. Болдбаатар нар. Монгол улсын түүх. Улаанбаатар. 2017
3.      Ж. Даваа, Л. Жамц, Ц. Содов, Г. Сүхбат. Боловсрол судлалын үндэс. Улаанбаатар. 2009
4.      Фишер, Стивен Рожер. Бичиг үсгийн түүх. Рикшн Буукс. 2004

2 комментария:

  1. С.Алтанчимэг
    Багшийн үлгэр дууриал
    Хашийг эс засвал сав болохгүй хүнийг эс засвал эрдэм сурахгүй“ гэдэг манай ардын мэргэн үг бий. Нарт ертөнц дээр байхгүй нандин сайхан мэргэжил эзэмшин хүнийг залж, засах үүрэг багш хүнд ногдсон байдаг. Багш хүн гэдэг хүнээр хүн хийж байгаа, хүнийг урлаж байгаа дархан хүмүүс. Хүүхдийн авьяасыг чадварыг яаж сэргээж өгөх юм, аль талаас нь сэргээ нь жинхэнэ багшийн уран чадвар билээ. Манай ард түмэн эртнээс эрдэм мэдлэгтэй хүнийг багш хэмээн нэрлэж ирсэн. Өнөө үед багш гэдэг бол өсвөр залуу үеийнхэнд амьдралд нь хэрэгтэй мэдлэг, чадвар олгох тэднийг бие хүн болгон хүмүүжүүлэх арга ухаан олгох ажлыг шинжлэх ухааны үндэстэй хийх мэргэжлийн ур чадвартай хүнийг хэлдэг.
    Багш сурагчдаа хүндэлж байж сая тэднээр өөрийгөө хүндлүүлнэ. Ихэнх тохиолдолд харилцаа ямар өнгө аястай болохыг багш тодорхойлдог учраас анхнаасаа харилцаа эерэг, харилцан бие биедээ нөлөөлж, хүндэлсэн, ойлголцсон уур амьсгалтай болоход нь багш анхаарах нь хамгаас чухал.
    Судлаач Л.И.Рувинский сурган хүмүүжүүлэх техник гэсэн ойлголтыг “ багш өөр хүн болон хувирах , дуу хоолой, нүүрний хувирал болон биеийн хөдөлгөөн зэрэг хоорондоо зохицон өөрчлөгдөх чадвар” гэж үзсэн байдаг. Нүүрний хувиралын техник нь багш баяр баясгалан, тайван өөртөө итгэлтэй, хүүхдэд өөдрөг хандах хандлага хэнийг ч хүлээн авч ойлгох бэлэн байгаа байдлыг илэрхийлж байх ёстой. Ялангуяа багш харцаар маш их зүйлийг илэрхийлж чаддаг байхын зэрэгцээ сэтгэл санааны таагүй байдлаа нуун далдалж чаддаг байх.
    Хэл ярианы техник үгийг цэвэр тод хэлэх хэт чанга бус , хэт намуун бус ярих буюу ярианы өндөр нам нь тухайн нөхцөлд тохирон өөрчлөгдөж байх нь чухал. Хөдөлгөөний техник нь багш ангид яаж алхах гишгэх , яаж суух , гараа ямар байдалтай байлгах, толгойгоо яаж хөдөлгөх зэргийг эвсэлтэй зөөлөн, хөнгөн хийх урлаг болно. Тухайлбал, багш ангид хүнд алхах гишгэх яаж суух, гараа их хөдөлгөх, толгойгоо янз бүр болгон хөдөлгөх нь сурагчдын анхаарлыг сарниулах муу нөлөө ажиглагддаг байна.
    Мөн судлаач И.И.Чернокозов багшийн ёс зүйн асуудлыг дорвитой судалж, дараах хэм хэмжээнээс бүрддэг гэж үзжээ. Багш хүний хүмүүжлийн нэг зэвсэг нь үг . Тухайн байдалд тохирсон оновчтой хурц нөлөөлөх хүчтэй байх ёстой.Үгээр хүнийг амьдруулж ч болно, үхүүлж ч болно гэдэг үг бий. Хүний сэтгэл зүйд нөлөөлөх хүчит зэвсгийн нэг үг болно. Хүн ер нь магтуулах дуртай амьтан. Магтаал сайшаалын үгийг шавь нар нь багшаасаа үргэлж хүсэж байдаг.
    Магтаал сайшаалын ганц хоёр ч гэсэн үг хичнээн ач тустай байдгийг хүн бүр мэднэ шүү дээ. “Шавьтай багш гэдэг ундрагатай булаг” гэсэн үг байдаг. Тиймээс л үе үеийн шавь нар нь багш нарынхаа бахархал болж байдаг юм. Тийм ээ, багш хүн ийм л байгаасай...

    ОтветитьУдалить
  2. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

    ОтветитьУдалить

Дидактикийн судлах зүйл, үндсэн ухагдахуун

Дидактикийн судлах зүйл, үндсэн ухагдахуун /Б. Бор, Б. Нямаа нарын “Сурган хүмүүжүүлэх зүйн зарим асуудал” номноос уншиж судлах материа...