среда, 2 января 2019 г.

Боловсролын сэтгэл судлал


Боловсролын сэтгэл судлал
Боловсролын сэтгэл судлал нь хүний сурах үйлийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалдаг сэтгэл судлалын салбар юм. Когнитив болон зан үйлийн үзэл баримтлалаас эхлэн сурах үйл явцыг судлах нь судлаачдад хувь хүмүүсийн оюуны чадамжийн ялгаа, танин мэдэхүйн хөгжил, аффект, сэдэл тэмүүлэл, өөрийн зохицуулалт, өөрийн ойлголт, түүнчлэн тэдгээрийн сурах үйл дэх ялгаа зэргийг ойлгох боломж олгодог.
Боловсролын сэтгэл судлалын нь сургалтын 4 үндсэн асуудлыг авч үздэг.
1.      Суралцагчийн зан чанар, шинж чанар
2.      Багшийн арга барил
3.      Багштай холбоотой бусад асуудлууд
4.      Судлагдахуунтай холбоотой асуудлууд
 1. Суралцагчийн шинж чанартай холбоотой асуудлын хүрээнд:
- Бие бялдар
- Сэтгэлзүй
- Танин мэдэхүй
- Хувь хүний ёс суртахуун
- Хувь хүний үнэт зүйл
- Сэдэл тэмүүлэл
- Хувь хүний болон бүлгийн зан төлөв
- Тусгай хэрэгцээ
- Соёл
- Хүйсийн асуудлыг авч үздэг.
            Сургалт боловсрол ба хүүхдийн хөгжлийн хамаарал нь боловсролын сэтгэл судлалын судалдаг нэг асуудал юм. 1960-аад онд Жан Пиаже /1896-1980/ хүүхдийн хөгжил боловсролтой холбоотой асуудлыг судалж эхэлсэн. 1925-1940 оны хооронд хүний оюуны хөгжлийн үе шатад анхаарлаа хандуулан түүнийг түгээмэл гэж үзсэн байдаг. 1940-1960-аад онд судалгаагаа хүртэхүйн хөгжил рүү өргөжүүлсэн байдаг. Хүүхэд өөрийн хүртэхүйг бүтээж, тайлбарлахад идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг гэж үзсэн байдаг. Цаашид хүүхэд шинжлэх ухааны үзэл баримтлалыг хэрхэн ойлгодог болохыг судалсан байна.
2. Багшийн арга барил асуудлын хүрээнд:
-          Сурах онолын хэрэглээ
-          Заах арга, загвар
-          Хувь багшийн заах арга
-          Хичээл төлөвлөлт
-          Бүтцийн хувилбарууд
-          Суралцагчийн сахилга бат
-          Асуулт асуух
-          Тестийн хэрэглээ зэрэг асуудлыг авч үздэг.
Сурах онолын тухайд авч үзвэл Л. С. Выготский сургалт нь хүүхдийн хөгжлийг араасаа дагуулах хэрэгтэй гэж үзсэн. Сургалт нь хүүхдийн оюун ухааны хөгжилд шийдвэрлэх үүрэгтэй гэж үзсэн. Сургалтыг өнөөдрийн хөгжилд баримжаалж явуулах бус маргаашийн хөгжилд тулгуурлаж явуулах ёстой гэж үзсэн. Тэр хүүхдийн оюун ухааны түвшинг 2 хуваасан.
- Өөртөө бэлэн буй мэдлэг чадвар, туршлагадаа тулгуурлан аливаа даалгавар, ажил үйлийг бие даан гүйцэтгэдэг идэвхтэй хөгжлийн бүс, ийм үйлийг гадны бага зэргийн туслалцаатайгаар гүйцэтгэдэг ойрын хөгжлийн түвшин гэж хуваасан. 2-р түвшинд гүйцэтгэсэн ажлаа дахин хийх үедээ хэний ч туслалцаагүйгээр гүйцэтгэж чаддаг болохыг сургалтыни явцад идэвхтэй хөгжлийн түвшинд шилжсэн байдал гэж үздэг.
3. Багштай холбоотой асуудлын хувьд:
- Багшийн сурах үйлд хандах хандлага
- Суралцагчиддаа хандах хандлага
- Багшийн өөртөө хандах хандлага
- Судалгааг ойлгох багшийн ойлголт
            Багш сургалт зохион байгуулахдаа суралцагчдын нас, сэтгэл зүйн онцлогийг харгалзах, ажил хэрэгч нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх, багш өөрөө сэтгэл зүйн хувьд тайван тогтвортой, бүтээлч, эрч хүчтэй, өөдрөг үзэл хандлагатай, хүмүүнлэг байх ёстой. Ийм харилцааг багш анги танхимд үүсгэнэ. Мөн тухайн сургуулийн хамт олны сэтгэл зүйн харилцаа түүнд нөлөөлөөд зогсохгүй тухайн нийгмийн байдал нөлөөтэй байдаг. Багш мэргэжилтэн сургууль, анги танхим дахь харилцааг бие биенээ хүндэтгэсэн үндсэн дээр зохион байгуулах нь хүүхдийн оюун ухааны хөгжил, хүмүүжилд эерэг нөлөөтэй. /Ж. Даваа. 2012/
4. Судлагдахуунтай холбоотой асуудалд:
- Хичээлийн бүтэц
- Хичээлийн талаарх үндсэн үзэл баримтлал
- Судлагдахууны дараалал
- Сонгосон агуулгын зорилтууд
Сургалтын ерөнхий сэтгэл зүй, тусгай сэтгэл зүй гэж ангилна. Сургалтын ерөнхий сэтгэл зүй нь сургалтын ерөнхий онол, арга зүйтэй, сургалтын тусгай сэтгэл зүй нь тодорхой нэг хичээлийн заах арга зүйтэй холбоотой гэж үзэх хандлага байна.
 Багш хичээл дээр суралцагчдын сэтгэл зүйн онцлогийг харгалзан ур чадвараа гаргаж тэдний сэтгэл ханамжийг өндөр байлгах хэрэгтэй.
-Сэдэл тэмүүлэл сайн байх
-Хичээлийн бэлтгэл сайн байх
-Зохион байгуулалт сайн байх
-Давталт /1-3/
- Хичээлийн танилцуулга сонирхолтой байх
- Багшийн үг яриа, тайлбар
-Видео, слайд
-Багш өөрөө хичээлээ зохион байгуулах хүсэл тэмүүлэл, эрч хүчтэй байж арга барил, хичээлийн хэрэглэгдэхүүнээ сонгон хичээлээ зохион байгуулж түүндээ дүн шинжилгээ хийнэ. /хэр сонирхолтой болов, хэр идэвхтэй суралцав, сэтгэл ханамж хэр байв/ /Ж. Даваа. 2012/
Боловсролын сэтгэл судлал мөн сургуулийн сэтгэл зүйн орчинг мөн судална. Эрдэмтэн Ж. Даваа сургалтын дотоод орчныг тодорхойлох үндэс нь түүнийг давтагдашгүй болгодог сургуулийн эрхэм зорилго, үнэт зүйлс, уламжлал, түүх, ёс заншил бөгөөд үүнийг сургалтын байгууллагын зан үйл буюу сургуулийн доторх сэтгэл зүйн орчин гэж нэрлэдэг хэмээгээд сургуульд сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэхэд менежер, багш, ажилтнууд, суралцагчид, эцэг эх, олон нийтийн байгууллагын оролцоо чухал үүрэгтэй гэж дүгнэсэн.
Боловсролын сэтгэл судлаачид боловсролын янз бүрийн орчин дахь сурах үйлийг дэмжихийн тулд сургалтын зохиомж, анги зохион байгуулалт, үнэлгээ, боловсролын технологи, хөтөлбөрийн хөгжил, тусгай боловсрол, суралцагчдын сурах сэдэл тэмүүлэл, байгууллагын сурах үйлтэй холбоотой боловсролын үйл ажиллагааг сайжруулахдаа тоон болон чанарын судалгааны аргыг өргөн ашигладаг.
Олон шинжлэх ухааны зааг дээр үүссэн боловсролын сэтгэл судлал нь функционализм,  структурализм, конструктивизм, хүмүүнлэгийн сэтгэл судлал, Гештальт сэтгэл судлал дээр суурилж хөгжсөн бөгөөд сүүлийн 20-иод жил бие даасан мэргэжил болон хурдацтай хөгжиж байна. / Ж. Снөүман. 1997, П. Фаррел. 2010 /  Суралцагчдын сурах хэв маяг, олон талт оюуны чадамж, ой тогтоолтын төрлүүдийг судлахаас эхлэн тусгай хэрэгцээт суралцагчдын асуудал зэрэг боловсролын сэтгэл судлалын судлах зүйл өргөн хүрээтэй байдаг.
Боловсролын сэтгэл судлаачид эмч нар, нийгмийн ажилтнууд, хэл ярианы согог засалчид, багш нар болон бусад боловсролын байгууллагын ажилтан, зөвлөхүүдтэй хамтран ажиллаж сургуулийн орчинд суралцагчдын зан үйлийн, танин мэдэхүйн болон нийгмийн сэтгэл судлалтай холбоотой үүссэн асуудлыг судалж байна.
Номзүй
1.      Норман А. Спринтхолл, Ричард С. Спринтхолл. Боловсролын сэтгэл судлал. Нью Йорк.1990
2.      Маргарет Лэй Допиера. Бага насны хүүхдийн багш. Нью Йорк. 1990
3.      Ж. Даваа. Сурган хүмүүжүүлэх зүй. Улаанбаатар. 2012
4.      Ж. Снөүман. Боловсролын сэтгэл судлал: Бид юу заадаг вэ, бид юу заах ёстой вэ?. 1997
5.      П. Фаррел. Сургуулийн сэтгэл судлал: Түүх болоод урагшлах хөгжлөөс сургамж авах нь. “Олон улсын сургуулийн сэтгэл судлал” сэтгүүл. №31 (6). 2010



Комментариев нет:

Отправить комментарий

Дидактикийн судлах зүйл, үндсэн ухагдахуун

Дидактикийн судлах зүйл, үндсэн ухагдахуун /Б. Бор, Б. Нямаа нарын “Сурган хүмүүжүүлэх зүйн зарим асуудал” номноос уншиж судлах материа...