вторник, 20 ноября 2018 г.

Нэгдүгээр бүлэг. Боловсрол судлалын үндсэн асуудлууд 1.1 Боловсрол судлалын судлах зүйл



Нэгдүгээр бүлэг. Боловсрол судлалын үндсэн асуудлууд
1.1  Боловсрол судлалын судлах зүйл
1.      Боловсрол судлалын судалгааны объект
“Боловсрол гэдэг бол сургалтын байгууллагууд дахь заах, сурах үйл явц” гэж Лоонман толь бичигт боловсрол гэдэг үгийн утгыг тайлбарласан байдаг бол “Боловсрол бол соёлт хүний эзэмшвэл зохих эрдэм мэдлэг, арга барил, чадвар дадлын тогтолцоо гэж Монголын нэвтэрхий тольд тодорхойлжээ. Боловсролыг судалдаг бие даасан шинжлэх ухаан бол боловсрол судлал юм. Боловсрол судлалын судалгааны объект нь боловсрол гэж үздэг. “Боловсрол судлал нь бие хүний боловсрол, төлөвшил, хүмүүжил, хөгжил, эдгээрийн шүтэлцээ, олон талт үйл явцыг байгаль, нийгэм-хүмүүнлэг, сэтгэцийн шинжлэх ухааны мэдлэгийн тогтолцоонд судалдаг. (Ж. Даваа, Л. Жамц, Ц. Содов, Г. Сүхбат. 2009)
Боловсрол гэх ойлголтыг судлаачид өөр өөрсдийн байр сууринаас тайлбарлаж ирсэн байдаг. Тухайлбал, боловсролыг хувь хүний талаас “хүний өөрийгөө өөрийнхөө ухамсартай үйл ажиллагаагаар хөгжүүлэн боловсруулах үйл” гэж нийгмийн талаас “иргэдийн сурч боловсрох эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлэх үйлчилгээ” гэж тодорхойлсон байдаг. (С. Батхуяг. 2013)
Байгалийн үзэгдэл, нийгмийн амьдралын талаар хүнд төлөвшиж буй мэдлэг, чадвар, дадлын системийг илэрхийлэх сургалтын явцын үр дүн, өөрчлөгдөн байгаа амьдралын нөхцөлтэй холбоотойгоор хүн хур мэдлэг, чадвар, дадлаа тасралтгүй шинэчлэн сайжруулж хөгжих үйл явцыг боловсрол гэнэ. (Ж. Даваа нар. 2009)
Боловсрол бол интерактив үйл явц гэсэн өнөөгийн үзэл баримтлалын эхийг Америкийн сурган хүмүүжүүлэгч Жон Дью тавьж байсан. Хүн боловсрол эзэмших явцдаа хүрээлэн байгаа орчин, түүнд амьдрах хүмүүстэй холбоо харилцаанд орж мэдлэг, чадвар, туршлага хуримтлуулах бөгөөд ингэснээр өөрийгөө хөгжүүлж өөрийн амьдран буй нийгэмдээ үр дүнтэй харилцааг бий болгох чадвартай болдог. Улмаар амьдрах ухаанд суралцаж мэргэжил эзэмшин гэр бүлийг оролцуулан тодорхой хамт олны дотор байр сууриа эзлэн өөрийн үзэл бодол, мэдлэг чадвар, хандлагаас хамааран үр дүнтэй ажиллаж амьдардаг.
Боловсрол нь өөртөө болон нийгэмдээ тулгарч буй аливаа асуудлыг олж хардаг, тэдгээрийг шийдвэрлэх чадвартай, бүх талын хөгжилтэй бие хүнийг хөгжүүлэн төлөвшүүлдэг гэж үздэг. Эндээс боловсролын үр дүн бол бүх талын хөгжилтэй бие хүн гэж үзэж болох юм.
Америкийн сурган хүмүүжүүлэгч И.Л.Торндайк боловсролын асуудлыг хэмжих боломжтой гэж үзсэн. Манай орны судлаачдаас Ж. Даваа, Л. Жамц, Ц. Содов, Г. Сүхбат нар боловсролын үр дүнг:
- нийгмийн идэвхтэй, оюун санааны ба бие бялдрын тэгш хөгжилтэй, нийгэмд ашигтай материалаг ба оюуны баялгийг бүтээгч, үйл ажиллагаандаа биеийн ба оюуны хөдөлмөрийг хосолсон, байнгын өргөн мэдлэг, чадвар, дадал бүхий хүний төлөвшил;
- ёс суртахууны өндөр чадвартай, гоо зүйн хөгжилтэй, оюуны ба материалаг хэрэгцээ бүхий хүний төлөвшлөөр хэмжигдэнэ гэж үзжээ.
   Хувь хүн бүр нийт хүн төрөлхтний хуримтлуулсан шинжлэх ухааны мэдлэгийн баялаг өв сангаас хүртэх эрхтэй гэсэн үзэл баримтлал орчин үеийн даяаршлын эринд ихээхэн дэлгэрч байгаа бөгөөд түүнтэй холбоотойгоор мэдлэгийн нээлттэй сангийн хөдөлгөөн (open courseware) өрнөж дэлхийн нэр хүндтэй их дээд сургуулиуд өөрсдийн хичээлийн хөтөлбөр, лекцийг аудио, видео, визуал хэлбэрээр өөр өөрсдийн вэбсайтад нээлттэй тавьж байна. Олон орны төлбөртэй болон төлбөргүй олон тооны янз бүрийн шатны сургалтуудад дэлхийн өнцөн бцлан бүрэээс хамрагдан суралцах боломж бүрдээд байна. Боловсрол нь хүний шинжлэх ухаан, амьдрал, туршлага, орчноосоо янз бүрийн аргаар, янз бүрийн хэрэглэгдэхүүн ашиглан янз бүрийн хугацаанд, янз бүрийн орон зайд эзэмшсэн мэдлэг, чадварын цогц юм.
Боловсролын үйлчилгээ нь тодорхой эрх бүхий байгууллага, иргэдийн хүний сурч боловсрох эрхээ эдэлж, хэрэгцээгээ хангахад нь дэмжлэг үзүүлэх зориулалттайгаар явуулж буй үйл ажиллагааны тогтолцоо. Үүнд сургууль багш нараас гадна суралцагчид, эцэг эх, гэр бүл, төр, олон нийтийн байгууллага гэсэн олон субъект, институтын үйл ажиллагаа хамрагдана. (С. Батхуяг, Б. Төртогтох, Н. Цогзолмаа. 2015) Щвейцарын сурган хүмүүжүүлэгч Жан Пиаже хүүхэд өөрийн хүртэхүйг бүтээхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг гэж үзсэн байдаг. Эндээс боловсролын үйлчилгээний үр дүн хүүхдийг оролцуулан суралцагчдын өөрсдийнх нь оролцоо, идэвхтэй үйл ажиллагаа, хичээл зүтгэлээс шууд хамаардаг. 
2.      Боловсрол судлалын судлах зүйл
       Боловсрол судлал нь бие хүний боловсролыг хөгжил, төлөвшил, зан үйлийнх нь ахиц, өөрчлөлттэй холбон байгаль, нийгэм, хүмүүнлэг, сэтгэцийн шинжлэх ухаанууд, мөн амьдралаас олох боловсролын асуудлыг шүтэлцээнд нь судалдаг нийлмэл шинжлэх ухаан юм. (Ж. Даваа нар. 2009)
      С. Батхуяг нар боловсрол судлалын судлагдахуун болоод судлах зүйлийг “боловсрол судлалын шинжлэх ухаан нь хувь хүний хөгжин төлөвших үйл явц, түүний зүй тогтол, түүнийг танин мэдэх арга зүй болон боловсролын үйлчилгээ, түүнд оролцогч талуудын үйл ажиллагааны онол-арга зүйн үндсэн асуудлыг судалдаг гэж үзсэн. “... Ингэхдээ эдгээрийг улс үндэстний хөгжлийн түүх, гүн ухаан, социологи, сэтгэц зүй, хууль-эрх зүй, эдийн засаг зэрэгтэй холбогдох уялдаа холбоонд нь авч үзэх шаардлагатай болдог тул боловсрол судлалын шинжлэх ухааны судлагдахуун болон судлах зүйл болон судалгааны асуудлын агуулга, арга зүй нь олон шинжлэх ухааны зааг дээр нилээд интеграци шинжтэй, судлаачаас олон талын мэдлэг, чадвар, шаарддаг онцлогтой.” (С. Батхуяг, Б. Төртогтох, Н. Цогзолмаа. 2015)
       Дээрхээс дүгнээд үзэхэд боловсрол судлал нь бие хүний боловсрол, төлөвшил, хүмүүжил, хөгжил, эдгээрийн уялдаа холбоо, олон талт үйл явцыг байгаль, нийгэм, хүмүүнлэг, сэтгэл судлалын шинжлэх ухааны мэдлэгийн тогтолцоонд судалдаг ажээ.
Ном зүй
1.      С. Батхуяг, Б. Төртогтох, Н. Цогзолмаа. Боловсрол судлалын судалгааны ажлын арга техник. Улаанбаатар. 2015
2.      С. Батхуяг, Ж. Батдэлгэр. Боловсрол судлалын ерөнхий үндэс. Улаанбаатар.1997.
3.      Ж. Даваа, Л. Жамц, Ц. Содов, Г. Сүхбат. Боловсрол судлалын үндэс. Улаанбаатар. 2009
4.      Норман А. Спринтхолл, Ричард С. Спринтхолл. Боловсролын сэтгэл судлал. Нью Йорк.1990
5.      Маргарет Лэй Допиера. Бага насны хүүхдийн багш. Нью Йорк. 1990

Комментариев нет:

Отправить комментарий

Дидактикийн судлах зүйл, үндсэн ухагдахуун

Дидактикийн судлах зүйл, үндсэн ухагдахуун /Б. Бор, Б. Нямаа нарын “Сурган хүмүүжүүлэх зүйн зарим асуудал” номноос уншиж судлах материа...