вторник, 27 ноября 2018 г.

Боловсролын философи


1.4. Боловсролын философи

Боловсролын философи нь боловсролын зорилго, хэлбэр, утга учир, мөн чанар, аргыг судалдаг. Боловсролын философи  нь уг асуудлуудад суурь философийн шинжилгээ хийдэг. Мөн тодорхой сурган хүмүүжүүлэх арга хандлагыг ч тайлбарлаж шинжлэн судалдаг. Тухайлбал боловсролын философчид хүмүүжил болоод боловсролыг юу бүрдүүлдэг, хүмүүжил, боловсролын үйл ажиллагаагаар илэрсэн хэм хэмжээ, үнэт зүйл юу болох, боловсролын онол практикийн хоорондын холбоо, шинжлэх ухааны судлагдахуун болохын хувьд боловсрол юуг судлан тогтоосон, юуг зүй ёсоор авч үзсэн зэрэг асуудлыг авч үздэг..  
Боловсролын философийн зорилго нь боловсролын үндсэн асуудлуудыг философийн үүднээс оновчтой тодорхойлох, нийгмийн өнөөгийн шаардлагатай уялдуулан бие хүнийг хөгжүүлэн төлөвшүүлэх философи үндэслэлийг гаргахад оршино. /С. Батхуяг, Ж. Батдэлгэр. 1997/ Боловсрол нь илүү өргөн хүрээтэй философийн болоод нийгэм соёлын хам сэдэвт хамаарагддаг талаарх ойлголтуудыг ч боловсролын философи авч үздэг. Ийм учраас энэ шинжлэх ухааны сэдвүүд нь боловсрол болоод хэрэглээний философиос ч илүү өргөн хүрээтэй асуудлыг хамардаг байна.
Боловсролын философийн судлах зүйл нь улс үндэстний иргэдээ хөгжүүлэн төлөвшүүлэхэд баримталж ирсэн болон баримталж буй номлол, үзэл баримтлалын чиг хандлага, түүний философи үндэслэл болно. /С. Батхуяг, Ж. Батдэлгэр. 1997/ Дээрх эрдэмтэд боловсролын философийн судлах зүйл нь  боловсролын тухай ойлголт, үзэл санаа, боловсролын үндэс суурь болсон асуудлуудын философи үндэслэлүүдийг судлан тогтоох явдал байдаг гэж үзжээ.  
Боловсролын философи номлолууд
Хүмүүжил, боловсролын талаарх шинжлэх ухааны үзэл бодол эртний философчид, суут сэтгэгчид болох Сократ (МЭӨ 469-399), Демокрит (МЭӨ 460-370), Платон (МЭӨ427-347), Арестотель (МЭӨ 384-322), Квинтилиан (МЭ35-96) нарын бүтээлд тусгалаа олсон байдаг. Сэргэн мандлын үед Витторино да Фельтре (1378-1446), Франсуа Рабле (1483-1533), Эразм Роттердамский (1469-1536), Ян Амос Коменский (1592-1670), Джон. Локк (1632-1704), Жан Жак Руссо (1712-1778)  нар мөн боловсролын философийн хөгжилд хувь нэмрээ оруулж ирсэн.
Оюун ухааны хөгжлийн үзэл санаа нь эссэнциализм, прогрессизм, реконструктизмын чиглэлээр явж хожим нь реализм, идеализм, прагматизмын концепцид тулгуурлах болсон гэж эрдэмтэн судлаачид үздэг. /Б. Чулуундорж. 1997/ Боловсролын гол асуудлуудыг тодорхойлж байгаа байдлаараа янз бүрийн урсгалд хуваагддаг гэж үздэг.
Экзистенциализм нь боловсролын үндсэн зорилгыг хүн өөрийгөө, ертөнцөд эзэлж буй өөрийн байр сууриа, амьдралын мөн чанарыг ойлгоход туслах явдал гэж тодорхойлдог.
Реализм нь амьдралд оновчтой хандах үзэл бодол төлөвшүүлэх, оюун ухааныг хөгжүүлэх, бүх талын мэдлэгтэй болгох чиглэлээр боловсролд хандаж ирсэн. Реализмд суурилсан сургалтын концепци нь мэдлэг, баримт, жишээ, нэг маягийн сургалтын төлөвлөгөө, уламжлалт сургалтыг гол болгоно. (Ч. Пүрэвдорж. 1999)  Тэрээр идеализм ба реализмын онол нь уламжлалт хичээл, шинжлэх ухааны онол, багш голлосон сургалтын хэлбэрийг чухалчилдаг гэж үзсэн.  
Прагматизмын үзэл санаа 19-р зууны эцсээр дэлгэрч эхэлсэн. Гол үндэслэгч нь АНУ-ын сурган хүмүүжүүлэгч Джон Дью юм. Тэрээр суралцагч сурах орчны нэг хэсэг гэж үзэн сурах үйл, суралцагч 2-ыг зохиомлоор салгахын эсрэг байсан бөгөөд туршин суралцах үйл, оновчтой үнэлгээ хоёрыг тэнцвэртэй авч явах ёстой гэж үзэж байжээ. Улмаар тэр анги танхим амьдрах, сурах үйл хамтдаа болдог бодит орчин байх ёстой гэж үзсэн. Тэрээр мөн боловсрол бол интерактив үйл явц гэсэн өнөөгийн үзэл баримтлалын эхийг тавьсан. Эрдэмтэн Ш. Ичинхорлоо прагматизмын тулгуур үзэл санаа нь сургалт суралцагчийн эрэлт хэрэгцээ, сонирхол, туршлагад тулгуурлана, сурагч олон төрлийн сурах үйлд оролцож байж сая мэдлэг туршлагаа амьдралдаа хэрэглэх чадвартай болдог гэсэн үзэл хэмээн дүгнэсэн байна. (Ш. Ичинхорлоо. 2008)
  Реконструктивизм нь багш суралцагчдын танин мэдэх үйл ажиллагааг чиглүүлэх үүрэгтэй, нийгэмд тулгарсан улс төр, эдийн засгийн асуудлыг хөндөн хэлэлцэж бие даасан арга барил, судалгааны аргад сургах, соёлын олон хэв шинж, боловсролын глобаль чиглэл, ирээдүйг товойлгон үздэг. (Ч. Пүрэвдорж. 1999)
Монгол улсын боловсролд 1990-ээд оноос өмнө реалист идеализмд тулгуурласан номлол баримталж байсан бол 1990-ээд оноос хойш прагматизмын үзэл санаа дэлгэрч байна.
Дүгнэлт

 Өнөөгийн боловсролын философийн дэлхий нийтийн чиг хандлагыг аваад үзвэл, 20-р зууны дунд үеэс хойш эдийн засаг, шинжлэх ухаан технологи хурдацтай хөгжих болж үүнтэй зэрэгцэн боловсролын тогтолцооны шаардлага нь суралцагчдыг байнга өөрчлөгдөх өнөөгийн нийгэмд ажиллаж амьдрах арга ухаанд  сургах, өөрийгөө болон нийгмийг өөрчлөх чадвартай бие хүнийг хөгжүүлэн төлөвшүүлэхэд чиглэгдэх хандлагатай болж байна.

Ном зүй

1.      С. Батхуяг, Ж. Батдэлгэр. Боловсрол судлалын ерөнхий үндэс. Улаанбаатар.1997.
2. Ж. Даваа, Л. Жамц, Ц. Содов, Г. Сүхбат. Боловсрол судлалын үндэс. Улаанбаатар. 2009
3. Ш. Ичинхорлоо. Сургалт. Улаанбаатар. 2008
4. Норман А. Спринтхолл, Ричард С. Спринтхолл. Боловсролын сэтгэл судлал. Нью Йорк.1990
1.      Маргарет Лэй Допиера. Бага насны хүүхдийн багш. Нью Йорк. 1990
  1. Ч. Пүрэвдорж. Боловсролын шинэчлэл, хөгжлийн онол арга зүйн асуудалд. Улаанбаатар. 1999













воскресенье, 25 ноября 2018 г.

Боловсролын түүх: Монголын боловсролын түүхийн тойм


1.3. Боловсролын түүх
Бие хүний боловсролын үүсэл, хөгжил, сэтгэлгээний хөгжлийн үе шатыг боловсролын түүх судалдаг. Боловсролын түүхийн асуудлыг хүний үүсэл хөгжил, хүн төрөлхтний сэтгэлгээний түүх, бичиг үсэг, ном хэвлэл бий болсон үе, эх хэл, соёлын асуудал, сургууль, боловсролын байгууллагын үүсэл хөгжил зэрэг олон хүчин зүйлийн холбоо харилцаанд авч үзнэ. 
Боловсролын хөгжлийн түүх нь хүн үүсч бий болсноос өнөө үе хүртэлх хугацааны хүний сэтгэлгээний хөгжлийн үе шаттай холбоотой.
Эртний хүмүүсийн сэтгэлгээ
Эрдэмтэн Ж. Даваа, Л. Жамц, Г. Сүхбат, Ц. Содов нар эртний хүн юмсыг дүр, үйлээр сэтгэж, хожим нь мэдрэхүй, хийсвэр сэтгэлгээ, юмны өнгө, хэлбэр, дүрээр сэтгэж байсан хэмээн дүгнэжээ. Улмаар тэд хүн төрөлхтний эртний үеийн анхдагч оюун сэтгэлгээний хөгжлийн хэлбэр нь сав шим ертөнц, нийгмийн тухай эртний хүмүүсийн анхны төсөөлөл, учир утга, уран сэтгэмж болох домог зүйн ухаанд шингэсэн байдаг гэж дүгнэн эртний хүмүүс өөрийн үүсэл гарлыг тодорхой дүрсийн амьтан ургамалтай, холбон үзэж түүндээ итгэдэг байсан гэж үзсэн байна.
Эртний хүмүүсийн сэтгэлгээ бол өөрсдийгөө байгаль ертөнцтэй холбон үздэг, нэг ёсны байгаль, ертөнц, удам судраа манан хайрлаж, үе дамжуулан хөгжүүлж байсныгаа дүр сүлдээр төлөөлүүлэн шүтэн биширч ирсэнтэй холбоотой. (Ж. Даваа, Л. Жамц, Г. Сүхбат, Ц. Содов, 1999)
Монголчууд үр хүүхдээ багаас нь байгаль, 5 хошуу малтай ойр өсгөж мал амьтан, байгальд ээлтэй, эв эеийг хичээдэг, ёс заншлаа дээдэлдэг, нутаг орноо хайрладаг болгон сурган хүмүүжүүлж ирсэн түүхтэй.
Бичиг үсгийн үүсэл хөгжил
Эртний соёл иргэншилт улсуудад МЭӨ 3500 оны үеэс янз бүрийн бичиг үсгийн тогтолцоо үүсч эхэлсэн байдаг. Тухайлбал бүр МЭӨ3400 он гэхэд эртний Египетэд зурган бичиг хэрэглэгдэж байсан мэдээ бий. Энэ нь 750 дүрс үсэгтэй байсан нь уран барилгын хана, чулуун хөшөөн дээр үлджээ. Харин таталган бичгийн дурсгал папирус хэмээх цаастай төстэй материал дээр хадгалагдан үлдсэн байдаг. Улмаар хамгийн эртний гэж түүхэнд тэмдэглэгдсэн цагаан толгой МЭӨ 2000 оны орчим Төв Египетэд үүссэн гэж үздэг. Газар дундын тэнгисийн зүүн эрэгт байрладаг байсан Финики улсад 22 үсэгтэй анхны цагаан толгой зохиосон түүхэн баримт бий.   Эртний хоёр мөрний улсууд шавар самбар дээр, Арабууд ямааны арьсан дээр анх бичиг бичдэг байжээ.
Эртний Энэтхэгчүүд Финикийн цагаан толгой дээр үндэслэн 51 үсэг бүхий цагаан толгой зохион хэрэглэж байсан төдийгүй хэл зүйн дүрэмтэй байсан байна.
Хятадын бичиг үсэг МЭӨ 2000 жилийн орчим үүссэн. МЭӨ 1400-1200 оны үеийн буюу Шан Династын үед хамаарах дүрс үсэг бүхий хэдэн мянган далны яс олдсон байдаг. Хятадууд эхлээд яс, хулсан самбар, хавтгай чулуу, хүрэл сав дээр бичдэг байснаа хожмоо чухал бичиг баримтаа торгон дээр бичих болжээ. МЭӨ 1-р зууны үед Хятадууд цаас үйлдвэрлэх болсон нь хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжилд их ач холбогдолтой нээлт болжээ.
Монголчуудын бичиг үсгийн соёл
Төв Азийн нүүдэлчдийн дотроос Монголчуудын өвөг Хүннү нар 2 мянга гаруй жилийн тэртээ бичиг үсэг хэрэглэж байсан мэдээ Хятадын эртний түүх сударт байна. Хамгийн эртнийх нь мод, чулуун дээр хэрчих, сийлэх бичиг байсан нь “Орхоны руни бичиг” хэмээн тэмдэглэгдсэн бичгийн эх үүсвэр гэж түүхчид үзэж байна.
Хүннү нар өөрийн бичгээс гадна Энэтхэгийн брахими бичгийг зээлдэн авч хэрэглэсэн байж магадгүй гэж түүхэн эх сурвалжид тулгуурлан судлаачид тэмдэглэсэн байдаг.
МЭ 5-р зуунаас эхлэн өөрийн зохиосон бичгээ хэрэглэж эхэлсэн бөгөөд уг бичгийн дурсгал олдсон газрын нэрээр Орхон Енисейн бичиг гэж нэрлэжээ.
Хүннү гүрэн болон МЭ 1-4-р зуунд оршин тогтнож байсан Сяньби улсын бичгийн үлдэц, чулуун хөшөө зэрэг нь эртний Монголчууд бичиг үсгийн боловсролтой байсныг гэрчилнэ. Сүй улсын сударт Тобагийн 12 номын нэр тэмдэглэгдэн үлдсэний 4 нь сурах бичиг байсан бөгөөд тодруулбал сяньби хэлний ном байсан байна. 
 4-6-р зуунд Нирун улсад дээс зангидаж санаагаа илэрхийлэх уламжлал байсан ба “тамга”, “согда” бичигтэй. 7-8-р зуунд Түрэг улс дуудлага үсэг зохион хэрэглэж байсан байна. 9-10-р зуунд Уйгар улс уйгар бичигтэй, 10-11-р зуунд Кидан улс их ба бага 2 бичигтэй байсан бөгөөд 920 онд тэд Их бичгээ хятад ханзад тулгуурлан зохиосон бол Амбагяны хүү Елюй Тэла Бага бичиг зохиожээ.
 13-14-р зуунд уйгар, дөрвөлжин үсэгтэй байсан байна. Өөрөөр хэлбэл Хубилай хааны үед зохиогдсон дөрвөлжин үсэг Эзэнт гүрний дараа үед ч байсаар  байсан.
1587 онд Харчины Аюуш гүүш монгол бичгийн галигийн тогтолцоог зохион балавсруулсныг Али гали үсэг гэнэ. 14-16-р зуунд соёмбо, тод үсэгтэй байсан. 1648 онд Ойрадын Зая Бандида Намхайжамц тод үсгийг зохиосон байдаг. 1686 онд эртний түүх соёлт энэтхэг, ланз, нагар үсгээс санаа авч Өндөр гэгээн Занабазар соёмбо үсгийг зохиосон.
17-19-р зуунд галиг, шинэ дөрвөлжин үсэгтэй, 20-р зууны эхэнд уйгар, вагиндрын бичиг үсэгтэй байсан бөгөөд 1940 оноос хойш кирилл бичиг хэрэглэж ирсэн түүхтэй. Энэ бүхэн Монгол улс бичиг үсгийн боловсролын 2000 жилийн түүхтэйг гэрчилж байна. Мөн аль ч улс үндэстнээс ялгаатай нь монголчууд түүхэндээ харьцангуй олон бичиг үсэг зохион хэрэглэж ирсэн түүхтэй ажээ.
Боловсролын байгууллага
Монголчуудын үр хүүхэддээ боловсрол олгож байсан хэлбэр нь шавь сургалтын тогтолцоо байжээ. Хаад ноёд эрдэм номтой гэгддэг бичгийн хүнээр үр хүүхэддээ өөрийн гэртээ бичиг заалгах, мөн тэдний гэрт хүүхдээ шавилан суулгах, хот айлын хүүхдүүд нэг дор нэг айлд бичиг заалгах зэрэг гэрээр сургах олон янзын хэлбэр байсан байна.
Түүхэн эх сурвалжаас үзвэл 4-6-р зуунд түшмэд бэлтгэх сургууль байгуулагдсан байдаг. 399 онд 5 номонд мэргэшсэн их бичгийн хүн бэлтгэн гаргаж байв. 466 онд Гацааны сургууль байгуулж байсан талаар түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
 10-11-р зуунд хошуу болгонд “их”, “бага” бичгийн сургууль, эрдмийн хүрээлэн байгуулсан байна.
 13-р зууны үеэс гэрийн сургууль хөгжсөн гэж үздэг. 13-14-р зуунд бүх хошуунд дөрвөлжин бичгийн сургууль, 1264 онд “түүх, судар бичгийн хороо”, 1271 онд их сургууль тус тус байгуулагдсан түүхтэй. Хубилай хааны үед Түүхийн хүрээлэн, Тэжээхүйн ухааны хүрээлэн буюу Анагаах ухааны хүрээлэн, Одон орон судлах хүрээлэн зэрэг шинжлэх ухааны тусгай байгууллага байгуулагдан орон орны нэртэй эрдэмтэд ажиллаж байсан талаар түүхчид бүтээлдээ дурьджээ. Шарын шашны янз бүрийн дацан сургуулиудад буддын шашны 5 салбар буюу шалгадаг ухаан, орчин чанд ухаан, төв үзлийн ухаан, илт номын ухаан, номхтгохын ухааныг заадаг байжээ. Мөн их, бага 5 ухааны ном үздэг байсны их 5 ухаанд гүн ухаан, дотоод ухаан буюу бурхны номлол, тэжээхүйн ухаан буюу ангаах ухаан, логик ухаан, урлахуйн ухаан, бага 5 ухаанд зурхай, яруу найраг, өгүүлэхүйн ухаан, холбон найруулахуйн ухаан, жүжгийн ухаан ордог байжээ. 
14-16-р зууны үед гэрийн болон иргэний сургуулиуд байсан бол 17-р зуунд шарын шашин хүчтэй хөгжих болсон үеэс эхлэн Монголд шашны сургалттай олон зуун сүм хийд байгуулагдсан. 1765 оны үеэс бичиг үсэг, хууль эрх зүй, гадаад хэл үзэх болсон. 18-р зууны үеэс монгол бичиг, манж бичиг зааж аж төрөхүйн ухаан, ёс дэгийн номлол заах мэтээр монгол хүний сэтгэлгээг өргөжүүлж иржээ.
20-р зууны эхэн үед /1911-1921/ манай оронд 700-гаад сүм хийд байсан бөгөөд орчин цагийн анхны сургууль 1912 оны 3 сарын 24-нд Гадаад явдлын яамны дэргэд байгуулагдаж дөрвөн аймаг, шавь таван газраас ирсэн 47 сурагч суралцаж эхэлсэн байна.  Түүнд түүх шастир, монгол хэл бичиг, тоо бодлого, биеийн тамираас гадна хятад, манж, орос, англи хэлний аль нэгийг сонгон зааж байжээ. Мөн цэргийн сургууль, улирлын шинжтэй мэргэжлийн сургууль байжээ. 1921 оноос эхлэн орчин цагийн сургуулиуд байгуулагдаж түүнд сургуулийн насны бүх хүүхдийг  хамруулах болсон байна.  1942 онд МУИС байгуулагдсанаар Монгол улс шат шатны боловсролын байгууллага бүхий боловсролын тогтолцоотой болсон билээ.    
Ном зохиол
Монголчуудын зохион хэрэглэж байсан бичгийн дурсгалуудыг хадгалж үлдсэн олон гэрэлт хөшөө бий бөгөөд шинжлэх ухааны судалгааны арга нарийсан хөгжихийн хирээр тэдгээрийг нээж илрүүлэх, тайлж унших ажил хийгдсээр байна.
4-6-р  зууны үед олдсон Киданы үеийн зохиолчдын туурвисан ном зохиолд “Морилон саатсан тэмдэглэл”, “Гурван сайдын замын тэмдэглэл”, “Хаант төрийн тэмдэглэл” зүй ёсоор тооцогддог байна.
10-11-р зуунд хятад, солонгос хэлнээс ном орчуулж байсны нэг нь “Таван төр” гэдэг алдартай зохиол байжээ. 13-14-р зуунд “Монголын нууц товчоо”, “Зүрхэн тольт”, “Юань улсын судар” зэрэг олон тооны зохиол бүтээл хэвлэгдэж байв. Перс, Энэтхэг, Төвд, Хятад хэлнээс зохиол бүтээл орчуулж байсан нь монголчуудын сэтгэлгээний хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байжээ. 14-р зуунд ардын аман зохиол эрчимтэй хөгжиж байсан байна. Энэ үед Цогт хунтайж уянгын шүлэг бичиж иргэний яруу найргийг хөгжүүлж байсны дурсгал Цогт хун тайжийн Дуутын хадны бичээст үлджээ.
Лигдэн хаан Гунгаа-Одсэр, Бандида Гүүш Цорж, Ананда Гүүш тэргүүтэй алдартай 33 орчуулагч мэргэдийг цуглуулан 1620-1629 оны хооронд Ганжуур хэмээх их хөлгөн судрын 108 ботийг орчуулах ажил хийлгэжээ. 17-р зууны орчуулгын ном зохиолын ихэнх нь шашны ном зохиол байв. Энэ үеийн томоохон орчуулгын дурсгалд Данжуур хэмээх 225 боть зохиолын орчуулга зүй ёсоор орно.
18-19-р зууны үед Данзанравжаа, Инжинаш нарын яруу найргийн зохиол, Тогтохтөр вангийн аж төрөх сургаал бичигджээ.
20-р зууны эхэн үед Европын орнуудын зохиол бүтээл, тэр дундаа Орос Зөвлөлтийн зохиолчдын бүтээл түлхүү орчуулагдаж байсан нь Монгол улсад Европын соёл боловсрол нэвтрэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн үйл явц байсан юм. Үүний зэрэгцээ Дорно дахины ард түмнүүдийн зохиол бүтээл ч орчуулагдаж байв. 1990 оноос хойш барууны орнуудын зохиол бүтээлийг өргөн орчуулах боллоо. Орчуулгын бүтээлүүд нь нэг ард түмний оюун санааны ертөнцийг нөгөө ард түмэнд таниулж улмаар хөгжүүлэн баяжуулдаг болох тул дээр дурьдсан зохиол бүтээл, үйл явц Монгол улс өөрийн гэсэн үндэсний сэхээтэн, орчуулагч, зохиолчидтой болоход чухал үүрэг гүйцэтгэж иржээ.
Монголын боловсролын хөгжлийн үечлэл
            Эрдэмтэн С. Батхуяг, Ж. Батдэлгэр нар монголын боловсролын хөгжлийг дараахь байдлаар үечилсэн байна. Үүнд:
1.      Нэн эртнээс 12-р зуун хүртэлх үе. Монголын нэн эртний боловсрол
2.      13-14-р зуун. Феодалын нэгдсэн эзэнт гүрний боловсрол
3.      14-16-р зуун. Феодалын бутралын үеийн боловсрол
4.      17-19-р зуун. Манжийн ноёрхлын үеийн боловсрол
5.      20-р зууны эхэн үе. Богд хаант Монгол улсын боловсрол
6.      1921-1940 он. Үндэсний ардчилсан хувьсгалын дараахь үеийн боловсрол
7.      1940-1960 он. Үндэсний ардчилсан хувьсгал гүнзгийрэх үеийн боловсрол
8.      1960-1990 он. Социализмын материал техникийн бааз байгуулах үеийн боловсрол
9.      1990 оноос өнөөг хүртэл. Зах зээлиийн харилцаанд шилжих үеийн боловсрол зэрэг болно. (С. Батхуяг, Ж. Батдэлгэр, 1997)
Дүгнэлт
 Монголын боловсрол 2000 жилийн түүхтэй болох нь монголчуудын бичиг үсгийн соёл, сургууль боловсролын байгууллагууд, ном зохиол орчуулж, туурвиж байсан байдал, түүхэнд нэрээ үлдээсэн эрдэмтэн мэргэд гэсэн шалгуураар тогтоогддог. (С. Батхуяг, Ж. Батдэлгэр, 1997).
Ном зүй
1.      С. Батхуяг, Ж. Батдэлгэр. Боловсрол судлалын ерөнхий үндэс. Улаанбаатар.1997.
2.      Д. Баярсайхан, Ж. Болдбаатар нар. Монгол улсын түүх. Улаанбаатар. 2017
3.      Ж. Даваа, Л. Жамц, Ц. Содов, Г. Сүхбат. Боловсрол судлалын үндэс. Улаанбаатар. 2009
4.      Фишер, Стивен Рожер. Бичиг үсгийн түүх. Рикшн Буукс. 2004

четверг, 22 ноября 2018 г.



1.2 Боловсрол судлалын үндсэн асуудлууд

       Ж. Даваа нар боловсрол судлалын үндсэн асуудлыг бие хүний боловсрол, түүний олон талт үйл явцын хөгжил, төлөвшил, бие хүний сургалт боловсролын нэгдмэл үйл явцын хөгжил, бие хүний хүмүүжил, хөгжил төлөвшлийн боловсрол, бие хүний мэдлэг, сургалтын танин мэдэхүйн үйл явцын боловсрол, бие хүний физиологи-сэтгэл зүйн хөгжлийн боловсрол гэсэн хэсгүүдээр авч үзсэн.

     Боловсролыг олон талтай, өргөн хүрээтэй, нарийн нийлмэл бүтэцтэй үйл явц бүхий нийгмийн эдийн засаг, улс төр, материалаг хангамжийн түвшинг тодорхойлдог, харьцангуй бие даасан тогтолцоо гэж үзэж болно. Гэхдээ түүний хөгжлийн чиг баримжаа, хэрэгцээ, агуулга, түвшин нь түүний гадаад орчноос шууд хамааралтай байна гэж Н. Бэгз үзсэн байна. (Н. Бэгз. 2001)

1.                                                                                Боловсрол судлалын агуулгын бүтэц

      Боловсрол судлал нь харьцангуй сүүлд шинжлэх ухаан болсон тул түүний агуулгын бүтэц ямар байх талаар асуудал маргаантай хэвээр байна.

     Зарим судлаачид боловсрол судлалын агуулгад:
-          Боловсрол судлалын түүх
-          Боловсролын хөгжлийн орчны судалгаа
-          Боловсролын хөгжлийн зүй тогтол, шинжилгээ
-          Сургалтын технологи, заах аргазүй
-          Боловсролын бодлого, төлөвлөлт, менежмент
-          Боловсролын харьцуулсан судалгаа зэргийг багтаавал зохино гэж үздэг. (Ч. Пүрэвдорж)
Мөн:
-          Боловсролын түүх
-          Боловсролын гүн ухаан
-          Боловсролын эрх зүй
-          Боловсролын социологи
-          Боловсролын эдийн засаг
-          Бие хүний хөгжил төлөвшлийн ерөнхий зүй тогтол
-          Ерөнхий дидактик
-          Боловсролын менежмент багтана гэж үздэг судлаачид бий. (С. Батхуяг, Ж. Батдэлгэр. 1997)

        Мөн боловсрол судлалын сэтгэл судлалын асуудлыг ч нэмэх хандлага байна.  Энэхүү боловсрол судлалын курс хичээлийн  хүрээнд бид боловсрол судлалын агуулгын бүтцэд сүүлийн ангилалд багтсан асуудлууд, мөн боловсролын сэтгэл судлал, сургуулийн менежментийн асуудлыг авч үзнэ. 

вторник, 20 ноября 2018 г.

Нэгдүгээр бүлэг. Боловсрол судлалын үндсэн асуудлууд 1.1 Боловсрол судлалын судлах зүйл



Нэгдүгээр бүлэг. Боловсрол судлалын үндсэн асуудлууд
1.1  Боловсрол судлалын судлах зүйл
1.      Боловсрол судлалын судалгааны объект
“Боловсрол гэдэг бол сургалтын байгууллагууд дахь заах, сурах үйл явц” гэж Лоонман толь бичигт боловсрол гэдэг үгийн утгыг тайлбарласан байдаг бол “Боловсрол бол соёлт хүний эзэмшвэл зохих эрдэм мэдлэг, арга барил, чадвар дадлын тогтолцоо гэж Монголын нэвтэрхий тольд тодорхойлжээ. Боловсролыг судалдаг бие даасан шинжлэх ухаан бол боловсрол судлал юм. Боловсрол судлалын судалгааны объект нь боловсрол гэж үздэг. “Боловсрол судлал нь бие хүний боловсрол, төлөвшил, хүмүүжил, хөгжил, эдгээрийн шүтэлцээ, олон талт үйл явцыг байгаль, нийгэм-хүмүүнлэг, сэтгэцийн шинжлэх ухааны мэдлэгийн тогтолцоонд судалдаг. (Ж. Даваа, Л. Жамц, Ц. Содов, Г. Сүхбат. 2009)
Боловсрол гэх ойлголтыг судлаачид өөр өөрсдийн байр сууринаас тайлбарлаж ирсэн байдаг. Тухайлбал, боловсролыг хувь хүний талаас “хүний өөрийгөө өөрийнхөө ухамсартай үйл ажиллагаагаар хөгжүүлэн боловсруулах үйл” гэж нийгмийн талаас “иргэдийн сурч боловсрох эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлэх үйлчилгээ” гэж тодорхойлсон байдаг. (С. Батхуяг. 2013)
Байгалийн үзэгдэл, нийгмийн амьдралын талаар хүнд төлөвшиж буй мэдлэг, чадвар, дадлын системийг илэрхийлэх сургалтын явцын үр дүн, өөрчлөгдөн байгаа амьдралын нөхцөлтэй холбоотойгоор хүн хур мэдлэг, чадвар, дадлаа тасралтгүй шинэчлэн сайжруулж хөгжих үйл явцыг боловсрол гэнэ. (Ж. Даваа нар. 2009)
Боловсрол бол интерактив үйл явц гэсэн өнөөгийн үзэл баримтлалын эхийг Америкийн сурган хүмүүжүүлэгч Жон Дью тавьж байсан. Хүн боловсрол эзэмших явцдаа хүрээлэн байгаа орчин, түүнд амьдрах хүмүүстэй холбоо харилцаанд орж мэдлэг, чадвар, туршлага хуримтлуулах бөгөөд ингэснээр өөрийгөө хөгжүүлж өөрийн амьдран буй нийгэмдээ үр дүнтэй харилцааг бий болгох чадвартай болдог. Улмаар амьдрах ухаанд суралцаж мэргэжил эзэмшин гэр бүлийг оролцуулан тодорхой хамт олны дотор байр сууриа эзлэн өөрийн үзэл бодол, мэдлэг чадвар, хандлагаас хамааран үр дүнтэй ажиллаж амьдардаг.
Боловсрол нь өөртөө болон нийгэмдээ тулгарч буй аливаа асуудлыг олж хардаг, тэдгээрийг шийдвэрлэх чадвартай, бүх талын хөгжилтэй бие хүнийг хөгжүүлэн төлөвшүүлдэг гэж үздэг. Эндээс боловсролын үр дүн бол бүх талын хөгжилтэй бие хүн гэж үзэж болох юм.
Америкийн сурган хүмүүжүүлэгч И.Л.Торндайк боловсролын асуудлыг хэмжих боломжтой гэж үзсэн. Манай орны судлаачдаас Ж. Даваа, Л. Жамц, Ц. Содов, Г. Сүхбат нар боловсролын үр дүнг:
- нийгмийн идэвхтэй, оюун санааны ба бие бялдрын тэгш хөгжилтэй, нийгэмд ашигтай материалаг ба оюуны баялгийг бүтээгч, үйл ажиллагаандаа биеийн ба оюуны хөдөлмөрийг хосолсон, байнгын өргөн мэдлэг, чадвар, дадал бүхий хүний төлөвшил;
- ёс суртахууны өндөр чадвартай, гоо зүйн хөгжилтэй, оюуны ба материалаг хэрэгцээ бүхий хүний төлөвшлөөр хэмжигдэнэ гэж үзжээ.
   Хувь хүн бүр нийт хүн төрөлхтний хуримтлуулсан шинжлэх ухааны мэдлэгийн баялаг өв сангаас хүртэх эрхтэй гэсэн үзэл баримтлал орчин үеийн даяаршлын эринд ихээхэн дэлгэрч байгаа бөгөөд түүнтэй холбоотойгоор мэдлэгийн нээлттэй сангийн хөдөлгөөн (open courseware) өрнөж дэлхийн нэр хүндтэй их дээд сургуулиуд өөрсдийн хичээлийн хөтөлбөр, лекцийг аудио, видео, визуал хэлбэрээр өөр өөрсдийн вэбсайтад нээлттэй тавьж байна. Олон орны төлбөртэй болон төлбөргүй олон тооны янз бүрийн шатны сургалтуудад дэлхийн өнцөн бцлан бүрэээс хамрагдан суралцах боломж бүрдээд байна. Боловсрол нь хүний шинжлэх ухаан, амьдрал, туршлага, орчноосоо янз бүрийн аргаар, янз бүрийн хэрэглэгдэхүүн ашиглан янз бүрийн хугацаанд, янз бүрийн орон зайд эзэмшсэн мэдлэг, чадварын цогц юм.
Боловсролын үйлчилгээ нь тодорхой эрх бүхий байгууллага, иргэдийн хүний сурч боловсрох эрхээ эдэлж, хэрэгцээгээ хангахад нь дэмжлэг үзүүлэх зориулалттайгаар явуулж буй үйл ажиллагааны тогтолцоо. Үүнд сургууль багш нараас гадна суралцагчид, эцэг эх, гэр бүл, төр, олон нийтийн байгууллага гэсэн олон субъект, институтын үйл ажиллагаа хамрагдана. (С. Батхуяг, Б. Төртогтох, Н. Цогзолмаа. 2015) Щвейцарын сурган хүмүүжүүлэгч Жан Пиаже хүүхэд өөрийн хүртэхүйг бүтээхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг гэж үзсэн байдаг. Эндээс боловсролын үйлчилгээний үр дүн хүүхдийг оролцуулан суралцагчдын өөрсдийнх нь оролцоо, идэвхтэй үйл ажиллагаа, хичээл зүтгэлээс шууд хамаардаг. 
2.      Боловсрол судлалын судлах зүйл
       Боловсрол судлал нь бие хүний боловсролыг хөгжил, төлөвшил, зан үйлийнх нь ахиц, өөрчлөлттэй холбон байгаль, нийгэм, хүмүүнлэг, сэтгэцийн шинжлэх ухаанууд, мөн амьдралаас олох боловсролын асуудлыг шүтэлцээнд нь судалдаг нийлмэл шинжлэх ухаан юм. (Ж. Даваа нар. 2009)
      С. Батхуяг нар боловсрол судлалын судлагдахуун болоод судлах зүйлийг “боловсрол судлалын шинжлэх ухаан нь хувь хүний хөгжин төлөвших үйл явц, түүний зүй тогтол, түүнийг танин мэдэх арга зүй болон боловсролын үйлчилгээ, түүнд оролцогч талуудын үйл ажиллагааны онол-арга зүйн үндсэн асуудлыг судалдаг гэж үзсэн. “... Ингэхдээ эдгээрийг улс үндэстний хөгжлийн түүх, гүн ухаан, социологи, сэтгэц зүй, хууль-эрх зүй, эдийн засаг зэрэгтэй холбогдох уялдаа холбоонд нь авч үзэх шаардлагатай болдог тул боловсрол судлалын шинжлэх ухааны судлагдахуун болон судлах зүйл болон судалгааны асуудлын агуулга, арга зүй нь олон шинжлэх ухааны зааг дээр нилээд интеграци шинжтэй, судлаачаас олон талын мэдлэг, чадвар, шаарддаг онцлогтой.” (С. Батхуяг, Б. Төртогтох, Н. Цогзолмаа. 2015)
       Дээрхээс дүгнээд үзэхэд боловсрол судлал нь бие хүний боловсрол, төлөвшил, хүмүүжил, хөгжил, эдгээрийн уялдаа холбоо, олон талт үйл явцыг байгаль, нийгэм, хүмүүнлэг, сэтгэл судлалын шинжлэх ухааны мэдлэгийн тогтолцоонд судалдаг ажээ.
Ном зүй
1.      С. Батхуяг, Б. Төртогтох, Н. Цогзолмаа. Боловсрол судлалын судалгааны ажлын арга техник. Улаанбаатар. 2015
2.      С. Батхуяг, Ж. Батдэлгэр. Боловсрол судлалын ерөнхий үндэс. Улаанбаатар.1997.
3.      Ж. Даваа, Л. Жамц, Ц. Содов, Г. Сүхбат. Боловсрол судлалын үндэс. Улаанбаатар. 2009
4.      Норман А. Спринтхолл, Ричард С. Спринтхолл. Боловсролын сэтгэл судлал. Нью Йорк.1990
5.      Маргарет Лэй Допиера. Бага насны хүүхдийн багш. Нью Йорк. 1990

Дидактикийн судлах зүйл, үндсэн ухагдахуун

Дидактикийн судлах зүйл, үндсэн ухагдахуун /Б. Бор, Б. Нямаа нарын “Сурган хүмүүжүүлэх зүйн зарим асуудал” номноос уншиж судлах материа...